
бүсийн хүн амын 15 орчим хувь буюу 56 мянган хүн амьдардаг Говь-Алтай
аймагт Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ үргэлжлүүллээ.
Алтай нутаг аяллын багийнхныг шиврээ бороотой угтаж, 18 сумын 500 гаруй
төлөөлөгч нэг дор чуулав. Төвөөс Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг,
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх
Л.Эрхэмбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл,
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн
Г.Баярсайхан, Б.Батбаяр, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан нар оролцсон.
Алтайчууд
ч хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, аймагт нь хариуцлагагүйн “зуд”
нүүрлээд байгааг шулуухан шүүмжилж байна. Уг нь тэд хэр баргийн асуудал
дээр түрүүлж дуугарахаасаа илүүтэй хүний үгийг сайтар сонсч чаддаг
тэвчээртэй хүмүүс. Гэлээ ч орон нутагт нь болж буй зүйлс бодлогын хувьд
хүндрэлтэй болсныг “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр тэд ярьсан юм.
Алслагдмал
бүс нутагт оршин суудаг алтайчууд ёстой л дэм дэмэндээ дээс эрчиндээ
амьдардаг болохоор амьдралын төлөө бол элдвийн үзэл бодлын ялгаагүй
нөхөрлөж, хамтдаа бүтээж ч чаддаг. Өөрийн гэсэн брэнд ч олонтой. “Алтай”
дарс, шампанск сулхирын болон хөх тарианы гурил, чацарганы тос гэх мэт
өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр Алтайгаа сурталчлах боломжтой болсон хэдий
ч тэдэнд нутагтаа амьдрах нөхцөл тун тааруу байгаа нь хамгийн
тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Нутгийнхаа хөгжлийн төлөө
алтайчууд нам, үзэл бодол үл ялгаран “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт
идэвхтэй оролцож, эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой,
ажилтай орлоготой, аюулгүй орчинтой монгол хүний талаар саналаа
нэмэрлэсэн. Хамтдаа хэлэлцэж, хариуцлагагүй байдлыг дүгнэн асуудлаа
гаргаж ирсэн нь хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн байв.
Үнэндээ энэ
нутаг газар нь баялагтай, иргэд нь өөртөө эзэн амьдардаг гээд олон
давуу талтай. Газар нутаг нь бараг тэр чигтээ баялаг гээд хэлэхэд нэг их
хилсдэхгүй. 40 гаруй орд газар илэрсэн. Төмрийн хүдэр, нефть, алт, зэс,
нүүрс, оюу, вольфрам, уран, цементийн түүхий эд гэх мэтчилэн баялаг их.
40 сая тонн нүүрс, 80 сая тонн төмрийн хүдрийн орд бий. Цементийн
үйлдвэрийн түүхий эд хангалттай. Нефтийн илэрц Шарга, Алтайн өвөр говьд
бий ч хайгуул, судалгаа хийгддэггүй. Зарим нь лиценз эзэмшдэг ч үйл
ажиллагаа явуулахгүй гацаанд орчихсон байх нь элбэг. Хөгжлийн бодлогоо
нэгтгэж зангидаагүй ажилладаг нь иргэдийн дургүйцлийг төрүүлдэг байна.
Нинжаг нинжа шиг ажиллуулахыг хүслээ
“Ажилтай
орлоготой монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр жирийн иргэд төрсөн нутагтаа
ажиллаж чадахгүй байгааг ярив. Хамгийн тод жишээ гэхэд 2009 онд тус
аймгийн Бигэр сумын нутагт алтны шороон орд илэрч нутгийн болон ойрын
аймгуудын арван таван мянга орчим ‘’нинжа’’ алт олборлож эхэлсэн байна.
Гэтэл 2010 онд Бигэрийн алтанд “Макс” группийн Д.Ганбаатар эзэн сууж
“Марко-Поло” ХХК хэмээх охин компанийнхаа нэр дээр ашиглалтын леценз
эзэмшиж, хамгаалалтанд авсан нь Алтайн иргэдийн бухимдлыг төрүүлээд удаж
буй. Учир нь Говь Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Бямбажав, одоогийн
ИТХ-ын дарга С.Эрдэнэбат нар “Марко поло” ХХК д хууль бусаар лиценз
гаргаж өгсөн аж. Говь-Алтайд алтны илэрц гайгүй олдсон газарт нинжа нар
ажиллаж эхэлмэгц хэн нэг мөнгөтэй хүн нутгийнх нь эрх мэдэлтнүүдтэй
нийлж авчихаад, нинжа нарыг хөөгөөд гаргачихдаг. Олон хүний эрх ашгийг
зөрчиж, ганц хүн баялагт нь эзэн суудаг нь нутгийн иргэдийг бухимдуулдаг
аж. Нөгөөтэйгүүр нинжа нараас сар бүр 53000 төгрөгийн татварыг нөхөн
сэргээлтэд зориулж авахаар болсон нь энэ нутагт өнөөдрийн байдлаар
хэрэгжих суурьгүй байгаа гэнэ. Гар аргаар алт олборлогчид хаа нэг газарт
ороод хөөгдөж туугдахгүй ажиллавал 53000 мянган төгрөгийг сар бүр
төлөөд байх боломжтой ч сүүлийн үед эрх мэдэлтнүүдийн гайгаар дандаа
хөөгдөж туугддаг болсон гэнэ.
Хүн ам цөөтэй жижиг аймаг учраас
зах зээл харин бага, дэд бүтэц хөгжөөгүй үед энд ажлын байр бий болох
боломж хомс. Түүнчлэн зах зээл жижиг асуудал дээр нь татварын дарамт
шинэ ажлын байр бий болгох нөхцлийг бүрдүүлэхгүй байгааг “Ажилтай
орлоготой монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Ажлын байргүйгээс
сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгджээ. 2007 онд
1371, 2008 онд 1644, 2009 онд 1783 онд, 2010 онд 2410 хүн нийслэл болон
бусад аймгууд руу шилжин явжээ.
Алтайчууд хамгийн өндөр өртөгтэй дулаан хэрэглэдэг
“Аюулгүй
орчинтой монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр ус, дулааны асуудал Алтайчуудын
аюулгүй орчинтой амьдрах нөхцөлд ноцтойгоор нөлөөлж байгаг тэд
уудаллаа. Аймгийн төвийнхний хувьд дулаан хангамж нь тулгамдсан асуудлын
нэг. “Мандал голомт” компани гурван жилийн өмнө дулааны зуухыг нь
хувьчилж аваад монополь тогтоосон. Монголд байхгүй өндөр үнэ буюу нэг
куб метр нь 1980 төгрөгийн үнэтэй дулааныг Алтайчууд хэрэглэдэг аж.
Тэгсэн хэрнээ өвөлдөө арай л хөлдчихгүй, зэврүүхэн өвөлжиж, өнөөг хүртэл
орон сууцныхан хэрэглээний халуун усгүй байгаа юм.
Төрийн албаны зөвлөлийг татан буулгая
“Эрх
чөлөөтэй монгол хүн” хэлэлцүүлгийн гол сэдэв төрийн албаны зөвлөлтэй
холбогдож байв. Төрийн албаны шалгалт гэж байх ямар ч шаардлагагүй,
харин хэн нэг нэр нөлөө бүхий хүний ойрын хүн байвал орон нутагт
айдасгүй, дарамтгүй, ажлын байртай байдаг гэнэ. Тийм учраас төрийн
албаны зөвлөл гэж хий дэмий байгууллага байх хэрэггүй гэдэг санааг иргэд
хэлж байв. Мөн үзэл бодлоосоо болж, шалтгаангүй ажлаасаа халагдах явдал
их байдгийг тодорхой жишээ баримтаар дурдаж байсан. Саяхны нэгэн халаа
сэлгээгээр аймгийн Тамгын газар даргагүй, Боловсрол соёлын газар
даргагүй болчихсон. Үнэн зөв эсэхийг шалгах боломжгүй ч “Төрийн сангийн
газрын даргын албан тушаалд өрсөлдөж, төрийн албаны шалгалт өгөөд нэгээр
шалгарсан н.Батзоригийг уг ажилд нь томилохгүйгээр Хөгжлийн бодлогын
газрын даргаар тавьсан. Ингээд төрийн албаны шалгалтад тэнцээгүй
н.Жаргалсайхан гэдэг хүнийг Төрийн сангийн хэлтсийн даргаар гэнэт
томилсон. н.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “хүн” гэх “шум” ч
гараад авсан. Энэ мэт жишээ олон учраас төрийн албаны зөвлөл байх
шаардлагагүй, татан буулгах хэрэгтэй гэж үзэх хүн цөөнгүй байв.
Мөн
аймагт 90 жил нэг нам дангаараа засаг бариад хариуцлагын тогтолцоо гэж
байхгүй болсныг шүүмжлэх хүмүүс их байлаа. Тухайлбал, энд ус, дулааны
асуудлыг шийдээгүй өдий хүрсэн. Хамгийн ойрхон жишээ татахад аймгийн төв
доторх хоёр км замыг барихаар тендер авсан “Аваргас” компани нэг өдрийн
дотор 340 сая төгрөгийн гүйлгээ хийлгэж авчихаад алга болжээ. Тэр нь
тухайн үеийн нутгийн удирдлагуудтай холбогддог болохоор компанийг хайх ч
сонирхолгүй байдгийг иргэд ярьж байв. Харин энэ хариуцлагагүй байдлын
үр дүнд аймгийн төвийн иргэд гурван жилийн турш шороон замаар таваргаж
байна.
Ундны усны хомсдол хамгийн гол асуудал
“Эрүүл
чийрэг монгол хүн” Алтайд амьдрахад төвөгтэй болоод байгаа. Алтайчууд
ундны усандаа хатуулаг ихтэй, дөрөвдүгээр зэрэглэлийн ус хэрэглэдэг нь
эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Үүнээс шалтгаалан элэг, бөөр, давсаг,
зүрх судас, хавдрын өвчлөл, чулуужилт, бохир гарын өвчин болох халдварт
шар өвчний өвчлөл өндөр байдаг. Худаг гаргадаг боловч шаардлага хангах
материал технологи хэрэглэдэггүй, хий дэмий төсвийн мөнгө үрдэг гэх
шүүмжлэл иргэдээс гарч байв. Мөн хатуулаг хтэй уснаас гадна цэвэрлэх
байгууламж ажилладаггүй нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа
аж. Цэвэрлэх байгууламж нь мөн л хариуцлагагүй байдлаас үүдэн
ажиллахгүй байгаа гэнэ. Түүнчлэн нялхсын эндэгдлээрээ улсын хэмжээнд
өндөрт тооцогддог аймаг. Хүүхдийн эмчийн дутагдалд орсон нь эрүүл
мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг болж.
“Эрдэм боловсролтой монгол хүн” хэрэгтэй
“Эрдэм
боловсролтой монгол хүн”-ээ ашиглах ёстой гэдэг санаа энэ хэлэлцүүлгийн
үеэр илүүтэй гарч байв. Аймгийн Боловсрол соёлын газрын даргыг аймгийн
Засаг дарга нь ажлаас халж, одоогоор тус байгууллага даргагүй байгааг
зарим дургүйцэж байсан.
Алтай нутаг уул уурхайн баялаг ихтэй,
түүнийгээ эргэлтэнд оруулахтай холбогдуулан аймаг дахь МСҮТ-дөө уул
уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх хэрэгцээ шаардлага байгаа аж. Мөн
багш нарын чанар муу, заах арга барил хоцрогдсон учраас ЕБС-¬ийн багш
нарын чадварыг нэмэгдүүлэх шаардлага байгааг ярьж байв.