“Хөөрхөн эмч” дасгалжуулагчаа шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

“Хөөрхөн эмч” дасгалжуулагчаа шүүхэд өгчээ

Бэлтгэл сургуулилт, тэмцээний үед багтай ажиллахыг хориглосон шийдвэр гарсныг эсэргүүцэж, Английн хөлбөмбөгийн “Челси” багийн эмч Ева Карнейро тус багийн ахлах дасгалжуулагч Ж.Моуриньюгоос нийтийн өмнө өөрөөсөө уучлах гуйхыг шаардаж шүүхэд хандсан байна.

“Челси” баг Уэльсийн Сонси хотын “Соунси Сити” багтай хийж байсан тоглолтын үед “Челси” баг хаалгач Тибо Куртуаг талбайгаас гаргасны дараа арвуулаа тоглож байх үед хагас хамгаалагч Эден Азар гэмтэл авч эмч Е.Карнейрогийн шийдвэрээр эмнэлгийн туслалцаа авахаар эмчийн талбайг орхих гэхэд Ж.Моуринью “Сүйдтэй бэртэл биш” гэж уурлан, эмчийн шийдвэрийг эсэргүүцсэн юм. Түүнээс гадна тоглолтын дараа “Эден Азарыг талбайгаас гаргаснаас болж манай баг хожих боломжоо алдсан” гэж гомдоллосон байжээ.

“Челси” клубын удирдлага Ж.Моуриньюгийн шахалтаар гарсан шийдвэрээ цуцалж эмч Е.Карнейро эмчийн үүргээ цаашид гүйцэтгэх гэнэ. Эмчийг ажлаас нь халсан шийдвэрийг ФИФА-гийн Эмнэлгийн албаны захирал Иржи Дворжак буруушаасан байна.

2012 оны хоёрдугаар сард “Челси” баг Аваргуудын лигийн наймны нэгийн тоглолтонд италийн “Наполи” багтай хийсэн тоглолтын үед Ева Карнейрог Италийн сэтгүүлчид “Эрчүүдийн наадмыг чимж байгаа үзэсгэлэнт эмэгтэй”, “Өрсөлдөгч баг дахь хамгийн гоё үзэгдэл”, “Хөлбөмбөгийн хамгийн хөөрхөн эмч” гэж өргөмжилсөн юм.

“Наполи” баг эхний тоглолтод талбай дээрээ лондончуудыг 3:1 онооны харьцаагаар хожсон бөгөөд тоглолтын үед Ева гоолиг бие гялбир, ялдам инээмсэглэлээрээ италийн “тиффози”-хөгжөөн дэмжигчдийн хайр хүндэтгэлийг татжээ. Тоглолтын дараа Италийн хөгжөөн дэмжигчид түүнд хайр дурлалаа илчилсэн үгээр интернетийг дүүргэж байв. Тэр тоглолтоос хойш Е.Карнейрог талбайд гарч ирэхийг хөгжөөн дэмжигчид тэсэн ядан хүлээдэг, гарч ирэхэд нь нижигнэтэл алга ташин угтдаг болсон. Телевизийн найруулагчид, зураглаачид “Челси” багийн тоглолтын үед эмчийг байнга харуулдаг байна. Тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид од хөлбөмбөгчидтэй гэрэл зургаа хамт авахуулдаг шигээ Е.Карнейрог хуйлран дагаж, гэрэл зургаа хамт авхуулах гэж дугаарлан зогсох болсон юм.

Ийнхүү Ева Карнейро нас дөч гарсан ч “Челси” багийнхаа хөгжөөн дэмжигчдийн секс билэг тэмдэг болжээ. Английн алс холын эзэмшил нутагт болох Гибралтарын хагас арал дээр төрсөн, испани үндэстэн ч Английн иргэн юм. Багадаа балет, серфингээр хичээллэх, морь унах дуртай бүсгүй байсан ч өвдөгтөө бэртэл авснаар амьдралаа спортын анагаах ухаанд зориулахаар шийдэж, Лондон, Ноттингем хотуудын их сургуульд суралцан төгссөн байна. Шотланд, Австралид ажиллаж байгаад Английн олимпийн анагаах ухааны хүрээлэнд орж 2008 оны Бээжингийн олимпийн наадмын эмч нарын багт ажиллаж байсан аж. Дараа нь тэрбээр Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах эмч болжээ.

2009 онд “Челси” клубт хоёрдугаар багийн эмчээр орж, Португалийн мэргэжилтэн Андре Виллаш-Боаше ахлах дасгалжуулагч байх үед үндсэн багийн эмчээр дэвшив. Англи, Испани хэлнээс гадна португал хэл мэддэг нь түүнд энэ боломжийг олгосон юм. Тэрбээр хөлбөмбөгийн ямар багийг дэмждэгийг нь асуухад “Челси”, “Реал” болон Англи, Испанийн шигшээ багуудыг дэмждэг” гэж хариулсан удаатай.

Спортын сэтгүүлчид Е.Карнейрог “Челси” багийн хагас хамгаалагч байсан Хуан Матогийн хамт Лондон хотын нэгэн зоогийн газарт үдшийн зоог барьж байгаа, үнсэлцэж байгаа гэрэл зургийг нь авч байжээ. Тэр явдлын дараахан 9 насаар дүү Хуан Мато гэнэт “Челси” багийг орхиж, “Манчестер Юнайтед” багт очиж байв.

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж