Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

Аваргатай өдөр

Наймдугаар сар бол олимпийн сар. Дөрвөн жил тутамд болдог хүн төрөлхтний хамгийн том наадмаас энэ л өдрүүдэд улс орон, ах дүүс, спортын шүтэн бишрэгчдээ баярлуулан, олимпийн медальтнууд төрдөг.

Тэр тусмаа наймдугаар сарын 14-ний өдөр бол монгол хүн бүрийн сэтгэл, зүрхэнд үл мартагдахаар үлдсэн өдөр билээ. Одоогоос долоон жилийн өмнөх Бээжингийн олимпийн наадмын энэ өдөр монгол хүн олимпийн их наадмаас анхны алтан медалийг хүртэж, эх орон, элгэн саднаараа баяр бахдалын туйлд очив уу гэлтэй сэтгэлийн их жаргал эдэлж байлаа. 

Санан дурсах бүрт омогшил төрүүлдэг, алтан үсгээр бичигдэх түүхт өдрийг бэлэглэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр танд гүнээ хүндэтгэл үзүүлье.

Наймдугаар сарын 14-нийг Монголын жүдочдын өдөр болгон тэмдэглэх болсон нь тохиолдлын зүйл биш. 2008 оны энэ өдөр аварга Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмаас алтан медалиа хүртэж байсан бол Дэлхийн аварга Х.Цагаанбаатар 2004 оны энэ өдөр Афины олимпийн наадмаас Монголын шигшээ багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирч байсан, билэгшээлтэй өдөр юм.

Санан дурсах бүрт омогшил төрүүлдэг, алтан үсгээр бичигдэх түүхт өдрийг бэлэглэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр танд гүнээ хүндэтгэл үзүүлье.

Нэмж тэмдэглэхэд, 2012 оны олимпийн наадмаас Гавьяат тамирчин С.Батцэцэг 8 дугаар сарын 8-нд хүрэл, боксчин У.Мөнх-Эрдэнэ 8 сарын 11-нд хүрэл, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 8 дугаар сарын 12-нд мөнгөн медаль хүртэж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Түүнчлэн 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган Бээжингийн олимпийн аварга болж байсан түүхт өдөр удахгүй тохионо. Энэ өдөр мөн Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба олимпийн мөнгөн медалийг энгэртээ гялалзуулсан өдөр. 2008 оны наймдугаар сарын 13 бол Гавьяат тамирчин, Дэлхийн шилдэг мэргэн бууч Отрядын Гүндэгмаа баатрын олимпийн мөнгөн медалийн эзэн болсон өдөр.

Энэчлэн, тамирчдынхаа амжилтаар омогших, үл мартагдах өдрүүд түүхээ нэмэхэд яг нэг жилийн хугацаа үлдээд байна. "РИО-2016" олимпийн наадмаас олон медальтан, олон аварга төрж, эх орон монголоо баярлуулах болтугай.

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж