“БиЖиБиЖи”-ийн барилгыг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

“БиЖиБиЖи”-ийн барилгыг битүүмжилжээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дахь  16 дугаар байрны дэргэд баригдаж буй “БиЖиБиЖи” компанийн барилгыг битүүмжилжээ. Өчигдрийн хувьд барилгын талбайн хаалгыг битүүмжилсэн байв. Мөн барилга угсралтын ажлыг зосгоох тухай тодорхойлолтыг энэ сарын 11-ний өдрийн он сартайгаар гадна хашаанд байрлуулжээ. Үүнд “Газрын эрхийг цуцалсан, хугацааг сунгаагүй байхад барилгын эх загвар хүчингүй болдог. Гэтэл барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэж байгаа учир акт тогтоосон” тухай дурьдсан байна.

Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулбал, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн газрын албаныхан уржигдар /08.12/ барилгын үйл ажиллагааг битүүмжилсэн” гэв.

Сануулахад, 16 дугаар байрны дэргэд “БиЖиБиЖи” компани зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан юм. Үүнээс үүдэж есөн давхар байранд  хазайлт өгч, 200 гаруй оршин суугчийг сарын хугацаанд зочид буудалд байрлуулсан. Улмаар “БиЖиБиЖи” компанийн газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газарт хөрсний хүчитгэл хийсэн юм. Гэсэн ч “БиЖиБиЖи” компани саяхныг хүртэл барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан билээ.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж