Урьд шөнө Улаанбаатарт төдийгүй Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл аймгуудад бороотой өнжжээ. Нийслэл хот өнөөдөртөө бороотой, бүрхэг өнжих бол нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх ажээ.
Цаашид нийт нутгаар бороо хур орсоор байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.
Агаарын температур нийт нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, баруун зүгийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Цаашдаа ч нийт нутгаар бороо хур орсоор байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Маргааш буюу наймдугаар сарын 14-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орох гэнэ. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.
Наймдугаар сарын 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Дорнод Монголын тал нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх ажээ.
Д.ЦЭЭНЭ