БНХАУ-ын Тяньжин хотын аж үйлдвэрийн бүсэд өчигдөр оройн 23.30 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болж, 400 гаруй хүн бэртсэн. Тэгвэл "Тяньжин боомтод гарсан цуварсан хоёр дэлбэрэлтийн улмаас 42 хүн амиа алдаад байна" гэж Хятадын CCTV телевиз “Жэнминь жибао” сонины мэдээнээс ишлэн дамжуулжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт болсон агуулахын оператор компанийн эздийг саатуулан, шалгаж эхлээд байна.
Хэргийн газарт 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа гэх мэдээлэл байсан бөгөөд шинэчлэгдсэн мэдээлэлд 20 гал сөнөөгчтэй холбоо тасарсан тухай бичжээ. Дэлбэрэлтийн улмаас хэдэн зуун хүн хүчтэй долгионд сүйдсэн байшингийн цонхны шилэнд зүсэгдэх зэргээр шарх авчээ. Дэлбэрэлтийн төв хэсгээс 2 км-ын зайтай орших олон арван байрэвдэрч, 1000 орчим машин шатсан байна.
Хүчтэй салхинд тархаж буй галын улмаас дахин дэлбэрэлт гарч магадгүй гэж үзэж байгаа учир боомтын ойролцоох дүүргийн хүмүүсийг нүүлгэж эхлээд байна. Түүнчлэн сэтгүүлчдийг галын голомтод 10 км-ээс дотогш оруулахгүй байхыг хатуу анхааруулжээ.
Хотын цагдаагийн албаныхан хүмүүсийг нүүлгэх, аврах, эрлийн ажилд дайчлагдаад байна. Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг усаар унтраах нь химийн урвал үүсгэх аюултай учир эхлээд химийн бодисыг бүрэн шатаж дуусгахаар төлөвлөжээ.
Хятадын газар хөдлөлтийн албаны мэдээлснээр өчигдөр орой болсон цуврал дэлбэрэлтийн эхнийх нь 2,3 магнитуд, 30 секундын дараа гарсан хоёр дахь дэлбэрэлт нь 2,9 магнитудтай буюу 21 тонн тротилийн дэлбэрэлтийн хүчтэй байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ