ФИФА-г шинэчлэх Ажлын хэсгийг Ф.Каррар ахална

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

ФИФА-г шинэчлэх Ажлын хэсгийг Ф.Каррар ахална

ФИФА, Олон улсын хөлбөмбөгийн холбоог шинэчлэх Шуурхай ажлын хэсгийн ахлагчаар 1989-2003 онуудад ОУОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, швейцар иргэн Франсуа Каррар томилогджээ.


Энэ оны долдугаар сарын 20-ны өдөр болсон ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны хуралдаанаар тус байгууллагыг шинэчлэх ажлыг түргэтгэх зорилгоор Шуурхай ажлын хэсгийг байгуулж ажиллуулах шийдвэр гаргасны дагуу байгуулж байгаа тус Шуурхай ажлыг хэсэгт Азийн хөлбөмбөгийн холбоо, Африкийн хөлбөмбөгийн холбоо, Умард, Төв Америк, Карибын сав газрын орнуудын хөлбөмбөгийн холбоо, Европийн хөлбөмбөгийн холбооноос тус бүр 2, Өмнөд-Америкийн хөлбөмбөгийн холбоо, Далайн орнуудын хөлбөмбөгиййн холбооноос тус бүр 1 төлөөлөгч орох юм байна.

Ф.Каррарын удирдсан Шуурхай ажлын хэсэгт ФИФА-д шинэчлэл хийх тодорхой асуудлуудыг яаралтай боловсруулан, 2015 оны есдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Цюрех хотод болох ФИФА-гийн ээлжит бус Их хуралд танилцуулж, 2016 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болох ээлжит бус Их хурлаар батлуулах үүрэг өгсөн байна.

Шуурхайн ажлын хэсгийн ахлагчаар ФИФА-гийн Аудит, дүрмийг сахиулах комиссийн дарга Доменика Скала томилогдоно гэж яригдаж байсан ч тэр өөрөө татгалзсан төдийгүй Шуурхайн ажлын хэсгийн ахлагчаар хөлбөмбөгийн спорттой холбоогүй, хөндлөнгийн хүнийг томилох нь зүйтэй гэж дээрх 6 холбооны удирдлага хэлэлцэн тохиролцсон байна.

2002 онд АНУ-ын Соль-Лейк-Сити хотод болсон Өвлийн олимпийн наадмыг сонгон шалгаруулах асуудлаар үүссэн авлигын хэрэгтэй холбогдуулан ОУОХ-нд бүтцийн өөрчлөлт хийх ажлыг Ф.Каррар тухай үедээ удирдаж байжээ.

Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж