Сэтгүүлчийн дүгнэлт:
Өршөөлийн хуулиар улс төрийн тохироо хийх вий
Ингэж хардах, эмээх шалтгаан олон байна. Ээлжит бусын эрхэм зорилго ч Өршөөлийн хуулиар тохироо хийх байжээ гэх хардлага ч төрөх болов. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахдаа анх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлахаар яаравчилсан хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч ээлжит бусын үндсэн зорилго нь Өршөөлийн хууль, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудал байсан гэдэг нь одоо хүн бүхэнд тодорхой болжээ.
Тэр дундаа Өршөөлийн хуулийг батлахдаа улс төрийн ашиг сонирхол үнэртүүлж эхэлснийг Төрийн ордонд дуулдах сэм ярианууд баталж байгаа юм. Өршөөлийн хуулийг яагаад хаалттай горимоор хэлэлцэх болов гэдгээс л энэ бүх хардлага эхэлсэн гэж хэлж болно. Монгол Улс өмнө нь зургаан ч удаа өршөөлийн хуулийг баталж байсан. Ойр ойрхон баталж гаргах нь таагүй үр дагавар учруулдаг ч ачааллаа даахаа больчихсон шоронгоо нэг суллаж, алдаж эндэж, аль эсвэл гүтгүүлж хоригдсон хэсэг бүлэгт дахин нэг удаа боломж олгоно гэдгээрээ энэ хууль гарах цаг нь болчихсон мэт.
Гэвч АТГ-ын хэлж байгаа шиг албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ давуулан ашигласан улстөрч, түүний гар хөл болсон хэсэг бүлэгт энэ хуулийг зориулж байгаа бол батлах шаардлага байна уу гэдгийг ярих ёстой. Төрийн ордонд дуулдах ярианаас үзвэл МАХН Н.Энхбаярыгаа ялаас чөлөөлөх гэж энэ хуулиар тохироо хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хэнд ч хардах эрх бий. Сэтгүүлчдэд хаалттай горимоор хэлэлцэж байгаагийн цаана ийм тохироо нуугдаагүй гэх баталгааг хэн ч өгөхгүй байгаа. Нууц асуудал бүхний цаана улс төрийн л ашиг сонирхол давамгайлдаг. Монголд хэдэн мянган хоригдол байгаа, тэднээс ямар хэргийг нь өршөөх, өршөөхгүй вэ гэдэгт нууцлаад байх зүйл байхгүй л болов уу.
Зүйл заалт бүр нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгарах вий гэсэн айдас улстөрчдөд байгаа учраас ийн хулгайгаар хаалттай горимоор хэлэлцэн батлахаар улайрч байгааг нуугаад яахав. Авлига авсан өгсөн хэрэг зөвхөн татвар, эсвэл бизнес эрхлэгчидтэй холбогдож яригддаг. Цаашлаад өршөөлд хамруулахгүй хэмээн яригдаж буй залилангийн хэрэгт дандаа эмэгтэйчүүд холбогддог. Эрчүүдийнх танхай дээрэм, эмэгтэйчүүдийнх залилан байдаг учраас энэ хуулиар эрчүүд давамгай суллагдаж, харин 100 мянган төгрөг залилсан хэрэгт холбоотой бүсгүйчүүд дараагийн удаа төр ивээлээ хайрлахыг хүлээсээр үлдэх нь гэх болгоомжлол байна.
Өршөөлд хамруулахаар тусгасан албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт дандаа албан тушаалтнууд, дарга цэрэг холбогддог. Тэгэхээр нэг талдаа Эдийн засгийн ил тод байдлын хууль баталж бизнес эрхлэгчиддээ боломж олгоно хэмээн шоудчихаад нөгөө талд нь авлига өгсөн учраас чамайг өршөөхгүй хэмээн даапаалж байгаа хэрэг бус уу. Хэрвээ Өршөөлийн хуулийг ингэж хаалттай байдлаар хэлэлцэж, улс төрийн тохироо хийж батлахаар тэгж их улайрч байгаа бол АТГ-аа татан буулгах хэрэгтэй биз дээ.
АТГ-т дандаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүд шалгагддаг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хүргэн Г.Дэнзэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, УИХ-ын гишүүн асан Д.Дондог гэх мэтээр үргэлжилнэ. Тэд бүгд авлига авч өгөхөд зуучилсан бус албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонссон, мөн шалгуулж байгаа. Тэгэхээр хуулийн төслийг хаалттай хэвээр ярилцсаар улс төрийн намуудын тохироогоор батлачихвал энэ бүх хэргүүд замхарч, сүр бадруулсан байгуулсан АТГ гэх байгууллага ямар ч үр дүнгүй ажилласан хэрэг болох нь.
МАН-ыг Засгийн газраас хөөсний дараагаас МАХН-тай АН-ын нэр бүхий гишүүд сэм сэмхэн уулзах болж, бүр намын даргыг ялаас чөлөөл, хариуг нь ирэх сонгууль, энэ удаагийн халаа сэлгээний үеэр жинтэйхэн барина гэх шантаажийг ч Ху намын даргыг тойрон хүрээлэгсэд хийсэн гэх.
Тиймдээ ч АН-ынхан Өршөөлийн хуулийг МАХН-ын таалалд нийцүүлэн батлахаар улайрч эхэлсэн бололтой. Өршөөлийн хууль яригдаж байсан шигээ буюу МАХН-аас өргөн мэдүүлсэн хэлбэрээр батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа 35 хүнээс 25 нь суллагдаж, мөн ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа аж.
Цаашлаад анх удаагийн хөнгөн гэмт хэргээр ял эдэлж буй 3000 хүмүүжигчийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах зэрэг нийгмийн асуудлыг Өршөөлийн хуулиас өмнө ярилцах ёстой бус уу, эрх баригчдаа. Ардчилсан хувьсгалын ойд зориулж баахан хүн ялаас чөлөөлөөд эргээд гарах үр дагаварыг нь тооцсон болов уу. Хийсэн хэргээсээ болж нийгмээс тусгаарлагдчихсан, найз нөхөд, гэр бүлээсээ хэтэрхий хөндийрчихсөн 3000 хүн эдийн засгийн ийм хямралтай цаг үед суллагдаж гарч ирээд юу хийж, ямар байдлаар нийгэмших вэ гэдгийг эрх баригчид маань бодож байгаа гэж итгэе. Барилгын зах зээл зогсонги байдалд орчихсон, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь ар араасаа хаалгаа барьж байгаа энэ үед Өршөөлийн хууль батлах цаг үе мөн үү гэдгийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх үедээ ярих биз ээ.
Б.ТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn