Б.Хосбаяр: Тамирчид 2020 оны олимпод бэлтгэгдэж байгаа

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Б.Хосбаяр: Тамирчид 2020 оны олимпод бэлтгэгдэж байгаа

Б.Хосбаяр: Тамирчид 2020 оны олимпод бэлтгэгдэж байгаа

Б.Хосбаяр: Азийн аваргад оролцох тамирчдын олонхи нь 2020 оны олимпод оролцохоор бэлтгэгдэж байгаа

Манай улсад туялзуур сэлэмний спорт хөгжөөд удаагүй байгаа. Гэсэн ч өөрсдийн итгэл үнэмшил, уйгагүй зүтгэлээрээ Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 7-нд эхлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 19 орны 200 гаруй тамирчин оролцохоор албан ёсоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны ээлжит конгресс Монголд болно. Уг хуралд олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан Алишер Усманов ирж магадгүй аж. Тэмцээний талаар Монголын тулязуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяртай ярилцлаа.

-Ердөө ганцхан сарын дараа тэмцээн эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хэр байгаа вэ?

-Зохион байгуулалтын ажил яг л төлөвлөгөөний дагуу үргэлжилсээр. Өнөөдрийн байдлаар гадаадаас ирж оролцох баг тамирчдын мэдүүлгийг хүлээн авч байна. Мэдүүлэг авах хугацаа тав хоногийн дараа дуусах юм. Одоогоор манай улсад 19 орны баг тамирчин ирэхээ албан ёсоор хэлж, бидэнд мэдүүлгээ ирүүлжээ. Энэ нь цаашдаа 30 болж өсөх магадлал ихтэй. Харин ассамблейд Азийн холбоонд гишүүнчлэлтэй 35 орны төлөөлөгч оролцох юм.

-Манай улс зохион байгуулагч орон гэдгээрээ давуу эрх эдэлж олон тамирчин оролцуулах бололцоотой юу. Ер нь тамирчдаа хэрхэн сонгов. Одоо хаана бэлтгэл хийж байгаа юм бол?

-Туялзуур сэлэмний журамд зохион байгуулагч орны давуу эрх гэж байдаггүй. Тиймээс Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцоно. Мөн илд сэлэмний төрөлд хоёр тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж байна даа. Ийм л мэдүүлэг өгсөн байгаа. Тэмцээнд оролцох монгол тамирчдаа холбооны журмын дагуу сонгон шалгаруулж авсан. Тамирчид маань өнгөрсөн өвлөөс хойш Хятад, Солонгос, Сэлэнгэ дэх баазад бэлтгэл хийсэн. Одоо ч гэсэн Александр Ровнягин багшийн удирдлага дор тасралтгүй бэлтгэлээ хийж байгаа. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд энэ сарын 25-нд Сингапур, Узбекстан, Киргизстаны сэлэмчид Монголд ирнэ. Тэд тэмцээн эхлэх хүртэл Монголын багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Товчхондоо бол тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч нь дээрх улсын төлөөлөл байна гэсэн үг.

-Энэ тэмцээнд оролцох баг тамирчдын чансаа ямар байгаа бол?

-Багуудын мэдүүлгийг харж байхад чансаа нэлээд өндөртэй тэмцээн болох шинжтэй. Японоос л гэхэд 2020 оны олимпод оролцуулахаар бэлтгэж байгаа багаа илгээх юм билээ. Мөн Казахстан, Сингапур улс л гэхэд үндэсний шигшээ багаа оролцуулахаар мэдүүлэгтээ тусгасан байсан. Узбекстанаас ч нэлээд сайн бүрэлдэхүүнтэй баг оролцох юм байна. Энэ бол эхэнд харсан жишээнүүд. Үүнээс ч сайн баг ирэхийг үгүйсгэхгүй. Ер нь 2020 оны олимпод оролцох тамирчид Монголд өрсөлдөнө гэж хэлэхэд буруудахгүй.

-Ингэхэд тэмцээн гурван төрлөөр болно. Хөнгөн сэлэмд тамирчин байхгүй юү?

-Тийм ээ, одоогоор алга. Магадгүй бүртгэл хараахан дуусаагүй учраас гадаадад энэ спортоор тэр тусмаа хөнгөн сэлмээр хичээллэдэг монгол тамирчин байвал бидэнтэй холбогдоод оролцож болох юм. Түүнээс биш манай улс хүнд сэлмийн төрлийг илүү хөгжүүлэх бодлого баримталж байгаа учраас энэ төрөлдөө л тамирчдаа оролцуулна.

-Монголд олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах гэхээр хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл нь мөнгө санхүүгийн асуудал байдаг. Үүнийг зохицуулсан уу?

-Үнэнийг хэлэхэд одоо болтол энэ асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна. Одоогоор Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. Мөн манай холбоог дэмждэг хэд хэдэн байгууллага бий. Тэд маань ивээн тэтгэгчээр оролцох байх. Хэдий тийм боловч бид олон улсын чанартай тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах учраас хэрэглэл материал, техникээс эхлээд бүгдийг нь шинээр авах хэрэгтэй. Тэмцээн “Буянт-Ухаа” спортын цогцолборт анх удаа есөн зам дээр нэгэн зэрэг болно. Үүнээс гадна тамирчдын бэлтгэл хийх 12 зам шинээр байрлуулна. Та бүхэн мэдэх байх. Бид улсын аварга шалгаруулах тэмцээнээ таван зам дээр л хийдэг. Тэгэхээр энэ спортыг сонирхогчид маань нэгэн зэрэг олон сонирхолтой тулааны үзэх боломжтой. Тиймээс биднийг дэмжиж, ивээн тэтгэх хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгч компаниуд байвал манай холбоо хамтарч ажиллахад бэлэн гэдгийг энэ дашрамд хэлье.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой сонин содон зүйл юу байна вэ. Жишээ нь, техникийн тал дээр ч юм уу?

-Манай спорт маань өөрөө тулааных, бас аюулгүй. Мөн хамгийн маргаангүй, шударга шүүлттэй спорт юм. Тэр ч утгаараа бид аль болох шинэлэг технологи ашиглахыг эрмэлзэж байна. Тухайлбал, хамгийн эгзэгтэй агшныг таслаж аваад дэлхий нийтэд цацдаг “yMoment” компанитай хамтарч ажиллана. Ингэснээр уг спортыг сонирхогчид тухайн тэмцээний аль нэг тулааны хамгийн эгзэгтэй, сэтгэл хөдөлгөсөн, шийдвэрлэх мөчийг давтаж харах боломжтой боллоо гэсэн үг. Энэ нь Монголын анхны стартаб компани юм билээ. Үүнээс гадна бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллаж, аль болох олон телевизээр шууд нэвтрүүлэг цацах бодолтой байгаа. Түүнчлэн Япон, Солонгосоос хэвлэл мэдээллийн баг ирэх юм.

-Шүүгчдийн талаар мэдээлэл өгөх үү?

-Шүүгчдийг Азийн холбооноос томилдог. 16 орны 24 олон улсын шүүгч ажиллана. Харин монголчууд туслах шүүгчээр ажиллах юм. Учир нь манайд олон улсын зэрэглэлтэй шүүгч байхгүй. Гэхдээ бид уг тэмцээнийг далимдуулаад бид Казахстаны шүүгчээр удирдуулан сургалт явуулах юм. Энэ бол том завшаан гэдгийг онцлох хэрэгтэй.

-Эцэст нь Монголын туялзуур сэлэмчид өнгөрсөн хагас жилд ямар тэмцээнд, хэр амжилт үзүүлэв. Цаашид оролцох тэмцээний хуваарь гарсан уу?

-Хэд хэдэн олон улсын тэмцээн болон оюутны Универсиад наадам болон насанд хүрэгчдийн Азийн аваргад оролцож зохих төвшний амжилт гаргалаа. Цаашид ирэх жил хуваарийн дагуу тэмцээндээ оролцоод явна.

-Саяхан Москвад ДАШТ болсон. Монголын тамирчид яагаад оролцсонгүй вэ?

-Шулуухан хэлэхэд бидэнд зардал мөнгөний асуудал хэцүү байлаа. Тэгээд ч Монголдоо анх удаа нэр хүндтэй том тэмцээнийг хүлээж авах гэж байгаа учраас гол анхаарлаа үүнд л хандуулсан. Бид үүнийг сайн зохион байгуулж чадвал цаашид өөр олон нэр хүндтэй тэмцээн эх орондоо хүлээж авах боломжтой. Тэр утгаараа насанд хүрэгчдийн ДАШТ-д анхаарал хандуулаагүй. Гэхдээ манай холбооноос туршлага судлуулах зорилгоор гурван өсвөрийн тамирчнаа явуулсан.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж