Өршөөлийн хууль ба иргэдийн байр суурь

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хууль ба иргэдийн байр суурь

АНХААРАЛ ТАТСАН СЭДЭВ: ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт зарлагдаж, Шийдлийн Засгийн газрын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, шийдсэн. Үүнээс гадна Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай хуулиудыг баталсан. Иргэдийн зүгээс хоёр хоногийн өмнө хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг дэмжих нэгэн буй ч албан тушаалтан, дарга нарыг уг хуулиар суллах гэж байгааг эсэргүүцэж, шүүмжлэлтай хандаж байна. Энэ сэдвээр иргэдийн байр суурийг сонслоо.


Б.САРАА:

-Би Өршөөлийн хуулийг хэрэгжих нь зөв гэж бодож байна. Юу ч мэдэхгүй, жаахан хүүхдүүд ялимгүй хазгай гишгэснээсээ болоод залуу насаа шоронд өнгөрүүлж байна. Ээж, аав нь шар махтайгаа хатаж байна. Албаар, муудаа тэр хүүхдүүд гэмт хэрэг үйлдээгүй л байж таараа. Иймээс хоёр талд элэг дэвтэнэ.


Я.СУГАР:

-Зөв хүндээ тусвал Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжих нь чухал ач холбогдолтой. УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар их эсэргүүцэж байсан. Зөв. Уулс төрийн албан тушаалтнуудыг өршөөгдөх хүмүүсийн тоонд оруулах хэрэггүй гэсэн саналыг би хувь хүнийхээ үүднээс дэмжиж байгаа. Гэвч Эдийн засгийн луйварчин хамсаатангуудаа өршөөх, суллах зүйл заалтыг оруулж, өөрсдөдөө ашигтайгаар баталлаа. Уг нь залуу насандаа алдаж эндсэн хүмүүсээ суллаж, цаашид амьдрах урам зориг, итгэл хайрлах үүднээсээ Өршөөл үзүүлэх тухай хууль нийгэмд хүлээгдсэн, чухал хууль байх. УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд анхандаа ард иргэдийнхээ төлөө гэж яригддаг ч Өршөөлийн хуулиас харахад хууль батлахдаа цагаан захтангууд өөрсдөдөө ашигтай болгож өөрчлөн, баталдгийн тод жишээ энэ болж байна.


Б.ГАНТУЛГА:

-Улстөрчид өөрсдөдөө л ашигтай хууль баталж байна. Гэнэт л УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын сайдуудыг огцруулах нэрийдлээр цаанаа маш муухай хуйвалдаан хийж, Өршөөлийн хуулийг баталлаа. Ард иргэдээ хэдэн сайдын асуудлаар л хуурчихлаа. Өршөөлийн тухай хуулийг хар ухаанаар ойлгоход л томчууд өөрсдөдөө нийцсэн хуультай болчих шиг болов. Уг нь 10 мянган төгрөг хулгай хийгээд 10 жилийн ял авсан хүнийг суллавал илүү амьдралтай хууль болох биз. Үүнийг бол дэмжиж байгаа.


С.БАЯР:

-Энэ хуулиар улс, төр авлигын хэргээр шалгагдаж, хоригдсон нөхдийг өршөөнө гэхээр л нэг талыг барьсан хууль болж байгаа юм. Товчхондоо цагаан захтнууд өөрсдөдөө зориулсан хууль баталчих шиг боллоо. Яг энгийн иргэддээ зориулсан хууль биш. Энгийн иргэд бол ялаа аваад л явна. Харин одоо улс төр, авлигын хэргээр шалгагдаж буй нөхдүүд чинь суллагдана. Энэ бол намын захиалгатай батлагдсан хууль гэж үзэж байгаа. Би бодохдоо УИХ-ын ээлжит бус чуулганаар хууль батлах ёсгүй л гэж ойлгодог. Гэтэл гэнэт л өөрсдөдөө ашигтай хуулийг шуурхайлан баталлаа. Тэгээд ийм чухал хуулийг шүү. Энэ нь эргээд л улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө.


Д.ХОСДАВАА:

-Өршөөл үзүүлэх тухай хуультай болох нь зөв. Яагаад гэвэл Монгол Улс цөөхөн хүн амтай мөртлөө шоронжсон орон болчихоод байсан юм. Гэнэн томоогүй насандаа анх удаа алдаа хийж, ял авсан залуучуудыг одоо суллах хэрэгтэй. Харин энэ хуулиндаа олгиархуудад зориулсан заалт оруулах хэрэггүй байсан юм. Яг нарийндаа юу гэж батлагдсаныг нь мэдэхгүй байна. Хуулийг нь ч олж харах биш, бид. Бие даагч гишүүд уг нь энэ хуулийг хэлэлцэх үед хурцаар саналаа илэрхийлж харагдсан. Бусад нь бүгд л хуйвалдаж, бие биенээ аварч байх шиг байна. Хүчээр ингээд улс оронд хохиролтой хууль баталсанд УИХ-д шүүмжлэлтай хандаж байгаа. Улс төрийнхөн ер нь будлиантай, хууль бус зүйл хийхдээ их гарамгай болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж