Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар болсноо МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж зарлалаа. Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Өршөөлийн тухай хууль”-ийг хаалттай дэгээр хэлэлцэж баталсан. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд үүний дийлэнх нь залуучууд байна гэсэн судалгаа байгаа учраас ийн шийджээ.
Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст нийгэмд хамгийн их хэрэгцээтэй байгаа цахилгаанчин, гагнуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч гэх мэт маш олон мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг болсон. Гэвч тэд мэргэжил эзэмшээд суллагдсаны дараагаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны тал дээр бэрхшээл тулгардаг. Тиймээс Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс шоронгоос суллагдсан залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах, чиглүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх” сургалтыг зохион байгуулж ажил олгогчдын санал болгосон ажлын байранд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тус байгууллага сургалтаа наймдугаар сарын 13 буюу маргаашаас эхлэх гэнэ.
Д.ЦЭЭЛ