“Шинэ торгоны зам” төслөөр үндэсний бараа бүтээгдэхүүнүүдээ гадаад зах зээлд гаргана
Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Экспортыг дэмжих хөтөлбөр, Уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөр мөн БНХАУ-ын ардын засгийн газрын 56-р тогтоол, ӨМӨЗО-ны 8337 хөгжлийн стратегийн хүрээнд Эрээн хотод Хилийн худалдааны бүсийг байгуулахаар болж 2015 оны 8 сарын 20-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Уг Хилийн худалдааы бүсэд Замч үндэстэнХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ торгоны зам” төслийн хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүн болон Монгол улсаар дамжин орж ирдэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг “Шинэ торгоны зам” олон улсын Монгол худалдааны төвийг байгуулахаар өнгөрсөн 7 дугаар сард гэрээнд гарын үсэг зурсан. “Шинэ торгоны зам” олон улсын Монгол худалдааны төвөөр дамжуулан зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдаалахаас гадна Монголын аялал жуулчлал, тээвэр зууч, бизнес зуучлал, даатгал гэх зэрэг олон төрлийн Монголын үйлчилгээний бүтээгдэхүүнийг хүртэл борлуулах боломжтой юм.
Төслийн хүрээнд худалдааны төвийн сүлжээг интернэт худалдааны загвартай хослуулсан O2O (online to offline) худалдааны загварыг нэвтрүүлэх юм.Ингэснээр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн болон Монгол улсаар дамжин орж ирдэг гуравдагч орны хүнс, бараа бүтээгдэхүүнийг илүү тогтвортой, олон талт борлуулатын сувгаар дамжуулан дэлхийн зах зээл дээр борлуулах боломжтой болох юм.
Эрээн хотын хилийн худалдааны бүс
Эрээн хотын “Хилийн худалдааны бүс” нь Хятад улсын хилээс 20 км-ын доторх зайд засгийн газрын зөвшөөрөлтэйгээр1 хүн 1 өдөрт 8000 юаниас ихгүй хэмжээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвар ба бусад нэмэлт татваргүйгээр (НӨАТ, худалдан авалтын татвар) худалдан авах боломжтой бүс юм.
Шинэ торгоны зам төсөл хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ монгол үндэсний брэнд худалдааны төвөөр дамжуулан гадаад зах зээлд таниулан борлуулах, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх, тэргүүний дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, ажлын байрыг бий болгож, дотоод руу чиглэх валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар улс орны бизнес, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.
Шинэ торгоны зам төслийг хэрэгжүүлэгч “Замч үндэстэн” ХХК нь Эрээн хотын Хилийн худалдааны бүсийн хэрэгжүүлэгч компанитай өнгөрөгч 7 дугаар сард гэрээ байгуулж, төслийн эхний шатны ажлыг ирэх наймдугаар сарын 20-өдрөөс эхлүүлэхээр бэлдсэн байна. Худалдааны төвд үндэсний бараа бүтээгдэхүүнээ хүнс, өргөн хэрэглээний бараа гэх мэтээр ангилан тохижуулж, монгол үндэсний уур амьсгалыг бүрэн шингээсэн үйлчилгээний төв болгохоор зорьж байгаа аж. Мөн
Төслийн баг одоогоор гадаад зах зээлийн судалгаагаа үе шаттай хийж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдэд тухайн зах зээлд тохирсон бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, тээвэрлэлт, ложистикийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Төслийн эхний шат Эрээн хотын Хилийн худалдааны бүсээс эхэлж байгаа бөгөөд цаашид БНХАУ-ын Шилийн хот, Хөх хот, Шанхай хот, цаашлаад БНСУ, Япон улс болон Европ, Америкт ч тус сүлжээ худалдааны төвийг байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.
Энэхүү төслийн танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирж, сонирхсон талбайгаа сонгохыг урьж байна.
Хаана: МҮХАҮТ-ын дэргэдэх Corporate Зочид буудлын 5 давхарт Улаанбаатар танхим
Хэзээ: 2015 оны 8 –р сарын 12-нд 17:00 цагт