Рьян Гиггз дүүгийнхээ эхнэртэй холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Рьян Гиггз дүүгийнхээ эхнэртэй холбогдлоо

Английн Премьер лигийн түүхэнд рекорд тогтоож, 19 дэх түрүүгээ авсан “Манчестер Юнайтед”-ын ахмад “баатруудын” нэг Рьян Гиггз төрсөн дүүгийнхээ эхнэртэй бүтэн найман жилийн турш "учиртай байсан" гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр өөрийгөө зөвхөн Английн төдийгүй дэлхийн хэвлэлийн бай болгож өлхөн дөнгөв. Английн бараг бүхий л шар хэвлэлийн тэргүүн нүүрийг чимсэн Гиггз энэ үйлдлээрээ гэр бүл, найз нөхдөө төдийгүй “МанЮ”-гийн сая сая фенүүдээ гомдоожээ.

Рьян Гиггз өөрийн төрсөн дүү Родригийн эхнэр, 28 настай Наташатай өнгөрсөн найман жилийн хугацаанд “учиртай” байж. Саяхан л “Big Brother” телевизийн шоуны од Имоген Томастай энгийн бус харилцаатай байсан нь ил тод болсноор шүүмжлэлийн бай болсон ч хаширдаггүй эр бүр том сенсаац дэгдээв. Английн “News of the World” шар хэвлэл өнгөрөгч ням гаригийн дугаартаа “Гиггз+бэр дүү=найман жил” дуулианы талаар анхлан мэдээлсэн бөгөөд тэд найман жилийн өмнө анх “учирснаас” хойш саяхныг хүртэл холбоотой байж, бүр тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд шөнийг хамтдаа цэнгэж өнгөрүүлсэн гэнэ. Гиггз өөрөөсөө есөн насаар дүү бэртэйгээ эхнэр Стейсигээ хөл хүнд байхад нь ч араар нь тавьж байж. Тэд анх 2003 онд Манчестер хотын “Sugar Lounge”-д танилцаж, учир ургуулсан бөгөөд тухайн үед Наташа 20 настай, ганц бие бүсгүй байсан гэнэ.

Наташагийн найзын “News of the World” сонинд ярьснаар бол Наташа энэ үйлдлийг буруу гэдгийг мэддэг, харилцаагаа эцэслэхийг хүсч, хичээж байсан ч Рьян тэр хоёрын харилцаа яг л донтсон мэт байсан гэнэ. “Рьян юу ч хэлсэн Наташа эсэргүүцэх чадваргүй болдог байсан. Харин нэрт хөлбөмбөгч түүнтэй хэзээ ч романтик байдлаар харьцдаггүй, тэдний харьцаа зөвхөн сексээр хэмжигддэг байсан гэнэ. Түүнчлэн Рьян хэзээ ч түүнд хайртай гэж хэлж байгаагүй” хэмээжээ.

Нэгэнт хэвлэлийн бай болж, олны сонорыг “мялаасан” учир Рьян Гиггзийн дүү Родри ч энэ тухай мэдэж, тэр даруйдаа эхнэрээсээ өрх тусгаарласан гэнэ. Эхнэрээ ахтайгаа “хуваалцаж” байснаа мэдсэн Родри шоконд орж, эхнэртэйгээ ч, ахтайгаа ч уулзахыг хүсээгүй аж. Сонирхуулахад, Родри, Наташа нар гэрлээд ердөө 10 сар болж байгаа юм.

ЮНИСЕФ-ийн элчээр сонгогдож, спортын салбарт ч олон арван шагнал хүртэж байсан Гиггзийн хувьд гэр бүл нь хамгийн эрхэм гэдгийг итгэл төгс тунхагладаг байсан. Харин одоо тэр хамгийн эрхэм зүйлийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй болох нь.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж