Элэгний С вирусийг шинжлэх батлагдсан лабораториудын нэрсийг энэ долоо хоногтоо багтаж зарлахаар болжээ. Одоогоор лабораториудад сорьцийн шинжилгээ хийж байгаа юм. Энэ долоо хоногтоо батлагдсан лабораториудыг зарласнаар иргэд элэгний С вирусын шинжилгээг хаана өгөх нь тодорхой болно.
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм. Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Энэ лабораторийн нэрсийг удахгүй зарлахаар бэлтгэл хийж байгаа аж.
Б.ЗАЯА