Хөрөнгийн зах зээл дээр тоглон мөнгө олох нь хөдөө аж ахуйгаас хөрөнгөжихөөс ээдрээтэй аж. Хятадын хувиараа хөрөнгө оруулагчид өөрсдийн брокерийн дансуудыг олноор хаалгаж эхэллээ хэмээн China Daily сонин бичжээ.
Сонинд өгүүлснээр, зургадугаар сарын сүүлчээс хувиараа хөрөнгө оруулагчдын 24 сая брокерийн дансыг хаажээ. Хятадын хөрөнгийн зах зээл АНУ-ынхаас ялгаатай нь зах зээлийн гол тоглогчид нь хувиараа хөрөнгө оруулагчид байдаг гэнэ. Хятадын хувьцааны худалдааны эргэлтийн 80 орчим хувь нь хувиараа хөрөнгө оруулагчдад ноогдож байна. Зургадугаар сарын сүүлчээр хувьцаа атгасан хувийн хөрөнгө оруулагчдийн тоо 75 сая байсан бол долдугаар сарын сүүлч гэхэд тэдний тоо 51 сая болон буурчээ. Үүнээс харвал фермерүүд, тэтгэвэрийнхэн сургамж авсан бололтой.
Доорхи график нь хувийн брокерийн данс 20 хувиар буурсныг харуулж байна.
Zerohedge
Мөн нэг иймэрхүү агуулагатай өгүүллийг Америкийн The Wall Street Journal сонин нийтэлсэн бөгөөд тэнд хөрөнгийн зах зээлээс 20 сая хятад хөрөнгө оруулагчид зайлж буйг өгүүлжээ. Үүний зэрэгцээ хятад айлын хуримтлалын гол хэрэгсэл нь банкны хадгаламж хэвээр байна. Дэлхийн банкны дүгнэж буйгаар, хятад айлын ашгийн тавин хувь нь банкны хадгаламжийн дансанд ордог ажээ. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдалд тэр нь хуримтлал хийх шилдэг арга юм.
Хөрөнгийн зах зээлд дахин хөл тавихгүй гэсэн нэгэн хувийн хятад трейдерийн үгийг Хятадын нэг сонин иш татжээ. “Маш богино хугацаанд маш их мөнгө алдаж болохыг би одоо л ойлголоо” гэж тэр хэлжээ. Гэвч хүмүүс тэр болгон сургамж аваад байдаггүй. Дур, хорхой заримдаа ухаангүй болгодогоос хөрөнгө мөнгөө алдсан хувийн хөрөнгө оруулагч цөөнгүй.
Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт
Сануулахад, зуны эхэн сараас Хятадын хөрөнгийн зах зээл доошилж эхэлсэн юм. Уналт нь үерийн давалгааны шинжтэй болж, Shanghai Composite индекс 29 хувиар үнэлгээгээ алдсаны дараа тус орны засаг төр хөрөнгийн зах зээлд аргагүйн эрхэнд оролцох болов. Энэ уналтаар хятад компаниудын хөрөнгөжилт 3,4 их наяд ам.доллараар багассан билээ.
Shanghai Composite индексийн уналтад авсан арга хэмжээ
Зургадугаар сарын 2: Төв банк нь 4 тэрбум долларын зээлийг эргүүлэн татлаа
Зургадугаар сарын 27: ТБ нь нөөцийн хөрөнгөд тавих шаардлагаа зөөллөв
Долдугаар сарын 10: Зах зээлийг дэмжихээр амлав
Долдугаар сарын 15: Хоёрдугаар улирал ДНБ-ний өсөлт 7 хувь гэж гарлаа
Долдугаар сарын 27: Төв банк хувьцааг худалдан авахад бэлэн
Уналтыг зогсоохын тулд зохицуулагчид бөөн хориг арга хэмжээ авснаас гадна үнэлгээг дэмжих мөнгө гаргалаа. Гэхдээ энэ бүхэн амжилт авчирсангүй. Наймдугаар сарын 7-нд Хятад хөрөнгийн зах зээлээ аврахаар $322 тэрбум ам.доллартай тэнцэх юанийг гаргаж өглөө.
Хятадын China Securities Finance Corp/CSFC/ гэдэг улсын корпораци дахин хоёр их наяд юанийн ($322 тэрбум) тусламж хүсэн хувьцаануудыг худалдан авах замаар хөрөнгийн зах зээлээ дэмжих хүсэлтээ гаргасан байлаа. Үүнээс өмнө Хятадын Ардын банк CSFC корпорацид $483 тэрбум доллар гарган санхүүжүүлж байсан юм. CSFС нь Төв банк болон улсын хяналтын арилжааны банкуудын зээлийн хөрөнгийн хувьцаануудыг худалдан авч байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР