Каддафиг хүчингийн хэрэгт буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Каддафиг хүчингийн хэрэгт буруутгажээ

Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафийн цэргүүдийн хүчингийн хэрэгтэй холбоотой баримт нотолгоог олсон гэж Олон улсын эрүүгийн шүүхийн яллагч мэдэгдсэн байна. Прокурор Луиз Морено мэдэгдэлдээ Ливийн удирдагч эмэгтэйчүүдийг хүчиндэхийг цэргүүдэд тушаасныг нотлох баримт бий гэжээ. Түүнээс гадна Каддафийн цэргүүдэд зориудаар Виагра зэрэг сэрэл хөдөлгөх бэлдмэл өгч байсныг нотлох баримт ч мөн байгаа гэнэ.  Ливийн эрх баригчид энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Прокурор Луиз Морено өнгөрсөн сард Олон улсын эрүүгийн шүүхээс хурандаа Муаммар Каддафи, болон Ливийн тагнуулын газрын дарга Абдулла аль-Санусси нарын баривчлах зөвшөөрөл хүсч байсан юм. Олон улсын эрүүгийн шүүх Ливийн удирдагчдыг  аллага хүчирхийлэл болон мөрдлөгө хавчлага явуулсан хэрэгт буруутгаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Ливид дэгдсэн засгийн газрын эсрэг бослогын үеэр 500-700 энгийн номхон иргэн амиа алдсанд Ливийн эрх баригчдыг буруутгажээ. Хэрэв Олон улсын эрүүгийн шүүх  хурандаа Муаммар Каддафийг баривчлах зөвшөөрөл олговол түүнд хүчингийн хэргийн ял мөн нэмэгдэх ажээ.

Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафи эмэгтэйчүүдийг цэргүүдээр хүчиндүүлж байгаа нь тэрслэгчдийг ямар хувь тавилан хүлээж байгааг харуулж, босогчдын дунд айдас бий болгох зорилготой Прокурор Луиз Морено ярьсан байна.

"Хүчингийн хэргийн хохирогч болсон 100 гаруй эмэгтэйчүүд бий. Бидэнд ирсэн мэдээллээр дээрх хэргүүд хурандаа Каддафийн цэргийн хуаранд болж байсныг тогтоосон” гэж тэрбээр ярьжээ. Хурандаа Каддафийн цэргүүдэд хүчиндүүлсэн гэж шуугиан дэгдээж байсан ливи эмэгтэй Эман аль-Обейди  одоо Румын дэх НҮБ-ын  дүрвэгсдийн байранд амьдарч байна.

Бруссельд болсон НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар тус байгууллагын тэргүүн Фог Расмуссен олон улсын цэргийн эвсэл Ливид өрнөөд буй улс төрийн хямралыг хурандаа Каддафигүйгээр арилгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт НАТО Ливид дэх цэргийн ажиллагааг сунгаж, Триполи хотыг бөмбөгдсөөр байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж