Авдгаа авсан бол ажлаа хийе

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Авдгаа авсан бол ажлаа хийе

Авдгаа авсан бол ажлаа хийе

Энэ үг одоо АН-ынханд илүү хамаатай болж байна. Урьд нь  парламентад сөрөг хүчингүй Засгийн газар байгуулсны хувьд АН, МАН адилхан хариуцлага хүлээж байв. Харин өнгөрсөн пүрэв гаригаас АН дангаараа гавьяагаа, гайгаа ч эдлэхээр боллоо.

Өнгөрсөн хавраас өдлүүлсэн МАН-ын зургаан сайдыг засгаас хөөх гэсэн зорилгоо Ардчилсан нам ээлжит бус чуулган хуралдуулан байж нэгэнтээ гүйцээсэн билээ.  Одоо зургаан сайдынхаа оронд Б.Наранхүү нь байна уу, Л.Эрдэнэчимэг нь үү хамаагүй. Бор халзан хонь байсан ч гол биш,  хэнийг сайд болгохоо АН-ынхан дотроо зодоонгүй, хугацаа алдалгүй  шийдчихээд ажилдаа орох цаг болжээ.  Тэртээ тэргүй ажил хийх биш, сонгуулийн мөнгөө босгох гэж очиж байгаа хүмүүсийн хувьд жил хүрэхгүй хугацаанд хэнч байсан яадаг юм.

Гуравдугаар ээлжийн хоолонд хэн хүмүүсийн талаарх таамаглал өнгөрсөн хавраас эхлэн хэвлэлээр хөвөрч байгаа ч, үнэндээ салбараа мэддэг, ядаж л салбарынхантайгаа хэл ам, үгээ ололцоод явж чадах хүнээ сонгоосой гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Энэ талаар МАН-ын  дарга М.Энхболд “МАН-ыг Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэж байна гэсэн яриаг АН өөрсдөө гаргаж байна. Бид засаг төр тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа. Ардын нам Ардчилсан намаас оруулж ирж байгаа шинэ сайдуудыг дэмжинэ. Харин сайн хүн оруулж ирэх ёстой гэдгийг хэлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн.  Эндээс харахад, Ардчилсан намаас оруулж ирэх сайдуудыг МАН ямар ч байсан дэмжихээр,  харин  АН зөв хүнээ олж томилох ёстой болж байх шиг.

Нэг нь авдгаа авч, нөгөө нь өгдгөө өгсөн бол аль, аль нь ажлаа хийе. Үндсэн хуулийн өөрчлөлт,  Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлт, мөн  Гачуурт болон Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг шийдэгдээгүй үлдсэн өчнөөн асуудал байна.

Монголын улс төр төвхнөтөл түр саатаж байя гээд цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тэгээд ч урин цаг холдож,  ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвөлжилт гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардсан ажлууд ар араасаа ундрах болно.

Сангийн сайдаа хөөгөөд явуулчихсан  Монгол Улсын төсөв өнгөрсөн долдугаар сарын байдлаар 546 тэрбумын алдагдалтай гарчээ. Энэ алдагдлыг нөхөх гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй байна.  Цаашдаа ч энэ хэмжээний алдагдлыг нөхөх хөрөнгө оруулалт энэ жил орж ирнэ гэж итгэхэд хэцүү. Учир нь Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллаж байсан хоёр том намын нэг нь нөгөөгөө хөөсөн тухай мэдээлэл гадаадын хэвлэлээр цацагдах нь манай улсын хувьд сөрөг сигнал болж хүрч буйг үгүйсгэх боломжгүй.

Тавдугаар сард Дубайд зурагдсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” ёсоор эхний ээлжинд 4.2 тэрбум ам.долларыг дэлхийн ямар бак, санхүүгийн байгууллагаас авч байгаа вэ, яриа хэлэлцээр ямар төвшинд байгааг “Рио Тинто”-гоос өөр мэдэх хүн Монголд байна уу.

Энэ жил газар тариалангийн бус нутгуудад ган, гачиг болсноос ургацынхаа 80 хувийг алдана гэж урьдчилсан тооцоо гаргаснаа “Газар тариалан” холбооныхон дуулгав. Харин Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан үүнийг үгүйсгэж байгаа ч чухам хэдэн хувийн ургацаа ганд алдахад хүрсэн гэх нарийвчилан гаргасан тоо алга.  Ургац хураалтын үеэр тодорхой болно гэж салбарын сайд мэдээлж, урьдчилсан байдлаар 40 хувьтай гэв.  Ургацаа цасанд алдчихгүй шиг авах хүн хүч, хөрөнгө мөнгөө салбарынхан хэр базааж байгаад Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Монгол Улсын мал сүргийн тоо бараг 70 сая хүрсэн гэсэн албан бус мэдээ байна. Засгийн газар 58 сая мал өвөлжинө гэсэн тооцоог гаргаж, үлдсэнийг нь экспорт болон дотоодын хэрэгцээнд зориулан нядлахад 180 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгон гаргахаар өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа шийдвэрлэсэн.  Хэрэв мичин жилийн зуд нүүрлэвэл хаврыг хохирол багатай давж чадахуйц хангалттай хадлан тариа бэлтгэж авах шаардлагатай байна. Мөнгө нь байгаа бол өнөөдрөөс түүнийгээ өвөлжилтийн бэлтгэлд зарцуулах хэрэгтэй болов уу.

Иргэд малаа  цөөлж чадахгүй бол байгаль дэлхий илүүдсэн малыг цэвэрлээд өгчихдөгийг хөгшид сануулж,  энэ бүгдээс гадна Засгийн газар одоо ажлаа сайн хийхийг өнгөрсөн долоо хоногт эргээд сөрөг хүчнийхээ байр сууринд очсон МАН-ынхан хүртэл анхааруулж байгаа юм.  Тэд “МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана” гэдгээ ил шулуухан зарлачихлаа.  Тиймээс МАН-ын хүчтэй эсэргүүцэл, сөрөг акцтай нүүр тулах АН намрын сарыг найм хэмээн эндүүрч, найрлаж, улстөржихөө хойш тавиад цаг үеийн чухал асуудалдаа анхаарлаа хандуулж, ажилдаа оръё.

Нэг нь авдгаа авч, нөгөө нь өгдгөө өгсөн бол аль, аль нь ажлаа хийе. Үндсэн хуулийн өөрчлөлт,  Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэлт, мөн  Гачуурт болон Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг шийдэгдээгүй үлдсэн өчнөөн асуудал байна.

Өнгөрсөн өдрүүдэд айл гэр болж тоглож ханасан бол ард чинь улс орны эрх ашиг, ард түмний амьдрал байгааг АН, МАН хоёуланд нь сануулъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж