А.Цэрэнтогтох хүүг өчигдрөөс эхлэн өдөрт хоёр цаг гадаа гарч болохыг эмч нь зөвшөөрчээ. Баатарлаг хүүгийн бие улам сайжирч эх орондоо ирэх өдөр нь улам ойртсоор байгаа тухай ээж нь фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна.
Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гал гарч, айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 16 настай хүү найман сартай дүүгээ гэртээ хараад унтаж байжээ. Унтаж байх үед нь гэрийн хэрэглээний газ дэлбэрч, гал гарчээ. 16 настай А.Цэрэнтогтох хүү найман сартай дүүгээ галаас авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь муу ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдсэн юм. Хүүгийн биеийн байдал эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа маш хүнд, эмч нар нарийн эмчилгээ шаардлагатай тухай мэдээлж байсан. Удалгүй хүү сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар Бүгд найрамдах өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр явсан юм. Тус улсад хийгдсэн эмчилгээ хүүд таарч, өдөр ирэх бүр А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч байна.
Д.ЖАГАР