Хуучирсан мэдээ: 2015.08.08-нд нийтлэгдсэн

Аавуудаа хайрлая

-Цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн 80 хувь,  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 хувь нь, амиа хорлогсдын 60 хувь нь, нийт нас барагсдын 62,2 хувь нь эрчүүд байна-

Өнөөдөр аавуудын өдөр. Манай улсын хэмжээнд энэ өдрийг 11 дэх жилдээ “Аав нараа хайрлая, хүндэтгэе” уриан дор тэмдэглэхээр болжээ. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн, тодорхой нэг сэдвийг уриа болгон дэвшүүлж, олн ыанхаарлыг хандуулсаар ирсэн билээ. Гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 11 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм.

ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД СЭТГЭЛ ТҮГШЭЭЖ БАЙНА

Эрчүүдийн эрүүл мэнд болоод нийгэмд эзэлж буй байр суурийн талаарх судалгааны дүн сэтгэл өвтгөм тоо баримтаар дүүрэн байна. Цаг бусаар хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа хүмүүсийн 80 хувь,  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 хувь нь, амиа хорлогсдын 60 хувь нь, нийт нас барагсдын 62,2 хувь нь эрчүүд байна. Гэр бүл нь салж сарнисан, сэтгэл гутарсан, ажил хөдөлмөргүй, өвчин эмгэгтэй, архидан согтуурсан эрчүүд хот хөдөөгүй гундуухан аж төрж байна. Энэ нь монголчууд бидний “Эрэгтэй хүүхэд учраа олно, эмэгтэй хүүхдээ боловсролтой болгоё” гэсэн хандлагаас үүдэлтэй. Үүнээс болж  эрэгтэйчүүдийн боловсрол илт доошилжээ. Их дээд сургуулийн оюутнуудын 39,5 хувь нь л эрэгтэй хүүхэд байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 64,9 жил байхад  эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74,3 жил байна. Дундаж наслалтын зөрүү нь 9,4 жил болж, дэлхийн дундаж үзүүлэлтээс 2,5 дахин их болов. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болж байгаагийн илрэл юм. Манай оронд жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрчүүд байна. Авто замын осолд эрчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин илүү өртдөг ажээ.  Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал зуршил илүү байгаагаас халдварт бус өвчинд өртөмтгий байгааг анхаарах цаг болсныг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санууллаа.

ХҮҮХДҮҮДИЙН 30 ХУВЬ НЬ Л  ААВТАЙГАА ДОТНО ХАРИЛЦААТАЙ

Наймдугаар сарын 8-ны өдөр бол гэр бүлийн өдөр, аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр. Тийм ч учраас Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран бүх дүүргүүдэд “Хүүхэд хамгаалалд аавуудын оролцоо” гэсэн сэдвээр аав болон хөвгүүдийн дунд хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр төр засгийн төвшинд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээг идэвхтэй явуулж, аав хүний эрхэм чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжих, иргэдийн хууль эрх зүй, ёс суртахууны мэдлэгтэй болгоход анхаарах, хүүхэд хамгааллын чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагаанд аавуудыг идэвхтэй оролцуулах зэрэг саналууд дэвшүүлсэн юм.

Гадаадад ажиллагсдын 90-92 хувь нь эрчүүд байгаа нь эрэгтэйчүүдийг мөнгө олох зорилгоор харийн орон руу илгээж,  боловсролгүй эрчүүдийн тоог нэмэгдүүлсээр байгаа юм. Боловсролын салбарт эрэгтэйчүүдийн эзлэх хувь туйлын бага хувь эзэлдэг бөгөөд гэр бүлийн хүрээнд ч үр хүүхдээ хүмүүжүүлэх чадвараа алдсан байна. Хүүхдүүдийн ердөө 30 хувь нь л  аавтайгаа дотно харилцаатай байдаг гэсэн судалгаа гарчээ.  Энэ нь гэр бүлд эцэг хүний үүрэг илт дутагдаж байгааг нотолж байгаа хэрэг бус уу.

Өргөө гэрийн өмөг түшиг, үр хүүхдүүддээ илч гэрэл болсон Аавуудаа хайрлая.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж