Хөлбөмбөгчид хилийн чанадад

Хуучирсан мэдээ: 2015.08.07-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчид хилийн чанадад

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ХЭД ХЭДЭН ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИН, ЭХ ОРНООСОО МОРДОЖ БАЙНА

МХБХ-ийн Дээд лигийн өнгөрсөн жилийн аварга "Хоромхон" клуб өнөөдөр эх орноо төлөөлөн АFC /Азийн хөлбөмбөгийн холбоо/-ноос зохион байгуулдаг “АFC Cup-2015"  тэмцээнд оролцохоор мордож байна.


Бутан улсад зохиогдох тус тэмцээний “А” хэсэгт "Хоромхон", зохион байгуулагч орны “DRUK UNITED” болон Пакистан улсын “К-ELECTIC” багууд багтсан юм. Эдгээр орнуудаас гадна Бангладеш, Киргизстан, Макао, Непал гэсэн улсууд тус тэмцээнд оролцож байна. МХБХ-оос "Хоромхон" клубт амжилт хүсч, 15 сая төгрөгийг хандив болгон, дэмжлэг үзүүлжээ.


МХБХ-ны 2015.07.04-ний өдрийн Гүйцэтгэх Зөвлөлийн хуралдаанаар U16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар UEFA /Европын Хөлбөмбөгийн Холбоо/-ны "A" зэрэглэлтэй дасгалжуулагч  Вожислав Бралушич ажиллахаар болсон билээ. Серби мэргэжилтнээр удирдуулсан U-16 хүртэлх насны тамирчид мөн өнөөдөр урд хөршийг зорих гэж байна. Тамирчид БНХАУ-ын Вейнан мужид “Silk Road Cup” буюу "Торгоны зам" цомын тэмцээнд оролцох юм.

Энэхүү тэмцээнд манай улсаас гадна зохион байгуулагч БНХАУ мөн Киргизстан, Узбекстан зэрэг орны тамирчид өрсөлдөх бөгөөд тус  тэмцээн нь U-16 хүртэлх шигшээ багийн тамирчдын хувьд цаашдын том зорилгын эхлэл болсон тэмцээн байх юм. Учир нь ирэх жил 2016 онд Ази тивийн U-16 хүртэлх насны хөлбөмбөгийн АШТ Энэтхэг улсад зохиогдох бөгөөд тивийн аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө Монгол улс “К” хэсэгт Япон Бруней, Хонгконг зэрэг улсуудтай багтсан байгаа.

Хамгийн чухал нь эрхийн төлөөх хэсгийн урьдчилсан шатны тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоо ирэх есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг аваад байгаа юм. МХБХ-ны удирдлагийн зүгээс хүсэлт тавьсаны үндсэн дээр хөлбөмбөгт хайртай бид бүхэн энэхүү томоохон сонирхолтой тэмцээнийг ойроос үзэх боломжтой болсон билээ.

Энэ жилийн аварга "ДМЮ" багаас хамгийн олон буюу долоон тоглогчийг сонгож, 16 хүртэлх насны шигшээ багт дууджээ.


"ДМЮ" болон Чингэлтэй дүүргийн багууд Азийн өсвөрийн хөлбөмбөгийн фестивальд оролцохоор өчигдөр БНСУ-ыг зорьжээ. Тэмцээнд 20 орны 80 багийн 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ хүргүүлсэн байна. Монгол Улс өнгөрсөн жил анх удаа тус тэмцээнд оролцож байсан бол энэ удаа оролцогчдоо нэмж, "Хараацай", "ДМЮ", Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар аймгийн гэсэн нийт дөрвөн баг оролцохоор болсон юм.

Тамирчдын амжилт үзүүлэх гол хөшүүргийн нэг нь арын алба болон санхүү сэтгэлзүйн асуудлууд нэн тэргүүнд тавигддаг. Энэ удаа тамирчдын зорчих асуудалд дэмжлэг үзүүлсэн "МИАТ" компанид өсвөрийн хөлбөмбөгийн талархал илэрхийлснийг дамжуулъя.

Мөн эх орноо төлөөлөн, Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэлхийн тавцанд сурталчлан таниулж яваа нийт баг тамирчдадаа амжилт хүсье. 

Эх сурвалж: the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж