2011 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

2011 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барив

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлэв.

         Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын “Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”,”Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т суурилсан Засгийн газрын дунд хугацааны бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгийн боломжтой уялдуулан төлөвлөхөд чиглэгджээ.

       Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2011 онд ДНБ-ний 46.9 хувь, 2012 онд 42.8 хувь, 2013 онд 34.0 хувь байхаар тооцсон байна.

      Харин дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн таамаглалыг дэвшүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үнийн таамаглалд үндэслэн манай улсын экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн болох зэсийн үнийг 2011-2012 онуудад 6800.0-7000.0 ам долларт, алтны үнийг 2011-2012 онуудад 1100.0-1200.0 ам долларт хэлбэлзэнэ гэж үзжээ.
     Түүнчлэн уул уурхайн салбар, эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг Монгол Улсын хувьд бусад улс оронтой адил хөрөнгө оруулагчийн өөрийн үйл ажиллагаанаас үл хамаарсан, гадаад зах зээл дээрх тааламжтай нөхцөл бадйлын улмаас бий болсон нэмэгдэл ашгаас тодорхой хувийг хүртэх шаардлагатай байгааг үндэслэн ашигт малтмалын үнийн өсөлтөөс бий болох нэмэгдэл ашгаас Монгол Улс тодорхой хэсгийг хүртэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэвтрүүлэн 2011 оноос эхлэн мөрдөж эхлэхээр тусгажээ.

     Харин төсвийн зарлагын хувьд Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийг 2011-2012 онд бүрэн олгохоор тооцож төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна. Төсвийн алдагдлын зорилтот түвшинг хангахын тулд төсвийн зарлагын суурь түвшинг 338.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулах шаардлагатай байгаа аж. Үүний зэрэгцээ Монгол Улсын 2011-2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд 318.4 тэрбум төгрөг, шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад 150.0 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тооцоолсон байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж