Завь хөмөрч гурван хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Завь хөмөрч гурван хүн осолджээ

Долдугаар сарын 4-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар Тэрхийн цагаан нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон  хүний завь хөмөрсөн харамсалтай хэрэг гарчээ. Завь хөмрөх үед аврах хантааз өмссөн дөрвөн  иргэн эсэн мэнд гарсан байна. Харин аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живжээ. Завь хөмөрч, хүмүүс осолдсон талаар Архангай аймгийн  Онцгой байдлын газарт мэдэгдэж, найман  албан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар усанд живсэн хоёр хүний цогцсыг олжээ. Харин 21 настай залуугийн цогцос өнөө хэр олдоогүй учир хүч нэмэгдүүлэн, аврах тусгай албаны долоон албан хаагч  нэмж очин ажиллаж буй ажээ.

Урин цаг ирмэгц гэр бүл, найз нөхөд хамт олноороо аялал зугаалгад гарах нь элбэгшдэг. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газраас усанд осолдож, живэхээс онцгойлон анхааруулж байна. Нийслэл хотод ойр Туул голд ч осолдох нь элбэг байдаг тул Туул  дагуу завьт эргүүл гаргажээ. Завьт эргүүлийнхэн зургадугаар сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд усанд живсэн есөн  хүний амь насыг аварсан байна. Эргүүл есдүгээр сарын 15 хүртэл ажиллах гэнэ.

Завьт эргүүлийнхэн  Баянзүрхийн гүүрний баруун талд 7-8 метрийн гүн  цүнхээл байдаг тул тэр хавиар усанд орохгүй байхыг анхааруулсан байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж