Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах төсөл Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор холбогдох Байнгын хороодоор Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэж байгаа билээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нарын асуудлыг авч хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуухан дугарч,
-“АН юу болоод байна вэ? Төрийн дээр нам гарчихлаа гэж МАН руу 20 жил дайрсан хүмүүс. Гэтэл өнөөдөр өөрсдөө МАН-аас долоон дор ажиллаж байна. Ажлаа сайн, муу хийсэн гэх дүгнэлт байхгүй. Гэрээний дүгнэлт сайд нартай холбоотой биш, хоёр намын хоорондын асуудал. Гэрээний биелэлт хангалтгүй байгаа бол АН-д ч хамаатай. Засгийг гол бүрдүүлж байгаа нам нь АН. Өнөөдөр Үндсэн хуулийн, Сонгуулийн хуулийн өөрчлөлт байхгүй. Өөрийнхөө өрийн таазыг нэмэгдүүлэх гэж МАН-ыг молигодон Засагт оруулах гэсэн хүсэлдээ хүрсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх манай намд хамтран ажиллах санал тавихдаа гурван хуудас нялуун үгтэй захидал ирүүлж байсан. Би 10-р ангид байхдаа ч эхнэртээ тийм нялуун захидал өгч байгаагүй. Тэр байтугай Д.Баянмөнх аварга Дэжимбээ эгчид өгч байсан захидлаас ч нялуун үгтэй, огиудас хутгамаар захидал бичсэн байсан. Тэгээд зургаан сарын дараа энэ нь өөрчлөгдлөө. Монголд "Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болдог” албан тушаалтан байна уу” хэмээн бухимдав.
Б.ХОНГОР