
Өмнөх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан огцорсоны дараа 2007 онд өөрийн албан тушаалаа Өмнөд Солонгосын Бан Ги Мун эзэлсэн билээ. Шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль нь тус байгууллагад Кофи Аннаны оролцсон томоохон дуулиантай зэрэгцэн явагдсан юм. Тухайлбал мөрдөн шалгалтаар түүний хүү Коджо Аннан “Нефтиэр хүнс солих” НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд гарсан залилангийн хэрэгт хамаатай гэж сэжиглэгдсэн байлаа. Эцэст нь тэр хэрэг замхрах тийшээ хандсан ч сөрөг үр дагавар нь үлдсэн байв. Ингээд Кофи Аннаны бүрэн эрхийн хугацаа дуусангуут байгууллагын шинэ тэргүүнээр Бан Ги Мун сонгогджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга солигдонгууд тус байгууллагын хамгийн гол ивээн тэтгэгч АНУ түүнд нэн түрүүнд авлигатай тэмцэж, шинэчлэл явуулахыг хүсч байгаагаа ойлгуулсан. Энэ замаар л бүх хэрэг өрнөсөн билээ. Албан тушаалаа аваад Бан Ги Мун тус байгууллагын санхүүгийн ил тод байдлыг өндөржүүлэх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх болон ажилагсдынхаа хөдөлмөрийн ёс зүйг идэвхжүүлсэн шинэчлэл хийнэ гэж зарлав. Гэвч тун удалгүй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ чанарт эргэлзэх болсон билээ.
Анхны дохио нь аль тэр 2007 оны сүүлчээр гарав. Тэр үед тус байгууллагын аппаратын хэсэг ажилтнууд шинэ дарга боловсон хүчнээ өөрийн нутаг нэгтнүүдээс сонгож байна гэлээ. Вашингтон дахь энэ байгууллагын өмнө тавигдсан зорилтыг тооцоход энэ дуулиан нь шууд л анхаарал татаж байлаа. Гэхдээ л дуулиан тэгсгээд намжсан. Шинэ дарга аппаратаа шинээр бүрдүүлж байна гээд л өнгөрсөн билээ.
Тун ч удалгүй Бан Ги Мун дахиад л хэвлэлийн анхааралд өртлөө. 2008 оны наймдугаар сард тус байгууллагад суугаа Норвегийн байнгын төлөөлөгчийн орлогч Мона Йуулийн (Mona Juul) өөрийн Гадаад яаманд бичсэн захидал хэвлэлд нийтлэгдлээ. Дипломат захидалдаа шинэ дарга болон түүний ажлыг нэлээд хурцаар шүүмжилж, Бан Ги Муныг “нуруугүй”, тааруухан удирдагч гэж шүүмжилсэн байжээ. Албаныхаа дагуу шийдэгдэх асуудлаас тэр бүхий л арга чаргаар зугтдаг гэж захидалд өгүүлсэн байв.
Йуулийн захидал олны хүртээл болох тэр үед Бан Ги Мун дэлхийн тайзнаа ажиглагдахгүй байсны улмаас “үл үзэгдэгч хүн” цолыг аваад амжсан байжээ. Энэ тааруухан имижээ арилгахын тулд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2008 онд хүний эрхийг зөрчих талдаа нэртэй Шри-Ланка, Мьянма зэрэг оронд очсон юм. Ийм маягийн айлчлал нь түүнийг мэдээллийн талбарт авчран тэр хүндийг нь өсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Гэлээ ч үр дүн нь эсрэгээр болсон. Зөвлөхүүд нь Мьянмад айлчлахыг хүлээхийг гуйж байсан ч тэр сонсоогүй. Айлчлал ямар ч үр дүнгүй болсон юм. Шри-Ланкийн айлчлал ч бас л тийм байв.
Жилийн дараа 2009 оны долдугаар сард Бан Ги Мун дахиад л хэвлэлд гарсан бас нэг баримтын дуулианд өртөв. Энэ удаа тэр захидал нь НҮБ-ын Дотоод шалгалтын тасгийн (U.N.’s Office of Internal Oversight Services) дарга Инги Бритт Алениусийн (Inga-Britt Ahlenius) өөрт нь илгээсэн бичиг байлаа. Илтгэлдээ тэр дарга Бан Ги Муныг авлигатай хийх тэмцэлд нь саад хийж, зөвхөн өөрийн хяналтад байдаг адил зорилготой дотоодын шалгалтын албыг байгуулсан гэж муулсан байв.
Өөрийн илтгэлдээ Бритт Алениус НҮБ өөрийн статусаа алдан хэрэггүй нэгдэл болж байгаа тухай санааг шууд хэлсэн байлаа. Ер нь бол ийм шүүмжлэл тус байгууллагын хаягаар байнга ирдэг. Гэтэл Бан Ги Муны талынхан тэр үр дүнгүй байдлын шалтгаан нь эрх мэдэл нь хязгаарлагдмал ганцхан даргаас үл хамаарна гэдэг. Үүнээс гадна үл мэдэгдэх, хүнийг татах увидасгүй байгаа нь мохоо ба ажилдаа муу гэсэн үг биш гэж тэд үздэг ажээ. Харин ч Бан Ги Мун бусдын нүднээс далд “дорнын” дипломатын ер бусын чадвартай гэнэ. Үүгээр л Ерөнхий нарийн бичгийн даргыг хамгаалагчид нь түүний талаас чанга мэдэгдэл, алхам байхгүй байгааг тайлбарладаг аж.
НҮБ дахь эх сурвалжийн мэдээгээр шүүмжлэл байгаа ч Бан Ги Муныг дахин сонгох нь бараг шийдэгдсэн асуудал ажээ. Тус байгууллагын тэргүүнийг дахин сонгогдоход дэмжихээ Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрх бүхий байнгын таван гишүүн АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц дэмжээд байна. Түүнийг сонгогдоход Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны есөн гишүүн нь баттай дэмжих бөгөөд асуудлыг үүний дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар сонгох юм. Тэнд санал хураалт ёс төдий болдог уламжлалтай.
Өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг дахин нэрээ дэвшүүлэхэд нь АНУ дэмжлэгээ үзүүлж байгааг шинжээчид тайлбарлахдаа зөрөлдөөнд ордоггүй, чимээгүй дарга нь түүний өмнө байсан хүчтэй, хүнийг татах увидастай даргаас илүүтэйгээр америкчуудад тохирч байна хэмээн үзэж буй. Тухайлбал, Кофи Аннан нь Аюулгүй зөвлөлийн шийдвэрийг зөрчин Иракт америкчууд нэвтэрсний эсрэг байсан нь Вашингтонд таалагдаагүй юм.
Хятадуудад ч Бан Ги Мун бас л тохирч байгаа. Нобелийн шагналтан Лю Сяабог шоронгоос чөлөөлөхөөс Бээжин татгалзсанд нь өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй нь Хятадын удирдлагад таалагдсан нь лавтай. Бан Ги Муныг Орос ч дэмжихээр болж байгаа бололтой. Тухайн үедээ Косовогийн талаар мөн Өмнөд Осети, Абхазийн барьж байсан түүний байр сууринд оросууд дургүй байсан билээ. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тойроод байдаг олон эмзэг асуудал Орост бий. Европ түүнийг дэмжихээр болж байгаа нь Бан Ги Мунтай өрсөлдөх бодит хүн энэ сонгуульд байхгүй байгаатай холбоотой байж магадгүй.
Ерөнхий нарийн бичгийн даргыг дахин сонгогдох нь шийдэгдсэн гэж үзэж байгаа НҮБ-ын эх сурвалжийн байр суурийг энэ байдлаас дүгнэхэд зөв. Энэ нэр дэвшигч бараг бүхий л талаараа өрсөлдөөнгүй.

Эх сурвалж: "Ардын эрх" сонин