Энгийн олны амьдралын хэв маягийг судлах нь манай төслийн онцлог

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Энгийн олны амьдралын хэв маягийг судлах нь манай төслийн онцлог

“Tower TV” студи болон News агентлагийн хамтарсан “Сэтгэлийн гүнд” ярилцлагын төсөл үргэлжилж байна. С.Энхцэцэгийн энэ удаагийн зочин нь Түүх-Археологийн хүрээлэнгийн Археолог – Угсаатан зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч Ч.Амартүвшин байлаа.


Ч.Амартүвшин: Хаад язгууртны гэхээсээ энгийн олны амьдралын хэв маягийг судлах нь манай төслийн онцлог

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Бага Хүнгүй хэмээх домгийн газар. Үелсэн нимгэн хавтгай хэлбэрийн байц хадан уулс нь эртний хотын туурь гэмээр. Энд “Дорнод Монгол: археологийн хайгуул судалгаа”-ны ажил ид дундаа үргэлжилж байна. Улс даяараа найр наадам, амралт цэнгээнд умбан ахуй цагт монгол, америк, канад, герман археологичид Бага Хүнгүйн их амар амгалан дунд зав чөлөөгүй ажиллацгаах аж. “Дорнод Монгол: археологийн хайгуул судалгаа” төслийн онцлог нь эртний монголчуудын энгийн ахуйн талаар баримт цуглуулж судлах явдал. “Археологийн шинжлэх ухаанд хааны алтан титэм, харц ардын тааран дээлний өөдөс олдох хоёр үнэ цэнийхээ хувьд яг ижил. Нэг нь ихэс дээдсийн, нөгөө нь энгийн олны амьдралын хэв маягийн бодит үнэнийг тайлах үүрэгтэй” гэж Түүх-Археологийн хүрээлэнгийн Археолог – Угсаатан зүйн авран хамгаалах салбарын эрхлэгч Ч.Амартүвшин ярьсан.

Бага Хүнгүй гэж өвөрмөц тогтоцтой газар. Үе үеийн нүүдэлчид үүнийг гярхай ажиглан булш бунхан, бууц суурингаа хийж ирсэн түүхтэй. Неолитын үеэс эхлээд 17 дугаар зууны сүүлч хүртэлх үед хамаарах тухайн цаг үеийнхээ онцлогуудыг шингээсэн өвөрмөц булш бунхнууд энд дүүрэн. Шинжилгээний ангийн хоёр тусдаа баг хүннүгийн үед хамаарах булш, бууц сууринг сонгон ажиллаж байв. Нэг нь булш оршуулгыг, нөгөө нь бууц сууринг судлах үүрэгтэй. Бууц суурингийн судалгаанаас олсон эд өлгийн зүйлсээ булш оршуулгынхтай харьцуулж энэ үнэхээр нүүдэлчдийн оршуулгын газар уу, эсвэл суурин соёлтой иргэд ихэс дээдсээ бунхалдаг байв уу гэхчлэн асуудлуудыг тодруулна. Дараагийн шатанд, олдворууддаа үндэслэн галын ором, өрх бүлийн ахуй, хаана нь хогоо хаядаг байв гээд улам нарийсах учиртай. Хогноос нь янз бүрийн баримт олддог гэнэ. Нүүдэлчдийн хоол хүнс, хувцас эдлэл, амьдрал ахуйн хэв маяг гээд олж тогтооход нарийн түвэгтэй асуудлуудын учгыг тайлахад чухам хогны үлдэгдэл л тусалдаг аж.

 

ЗОХИЦООД АМЬДАРЧИХДАГ УЛС

“Бид чинь хээр хөдөө дуртай ажлаа хийн аз жаргалаар бялхаж явдаг улс шүү дээ” гэж Амраа доктор хэлсэн. Гэрээсээ дөрвөн сарын сүүлээр гарсан, есөн сард бас нэг малтлага дуусгаад харих юм байх. Өвлийн хэдэн сардаа цаасан дээрээ суух учиртай. Археологийн хүрээлэн түүхийн хүрээлэнтэй нэгдчихсэн. Чингэхдээ ажлаа нугалдаг эрдэмтдийнхээ саналыг огт авч хэлэлцээгүй гэнэ. “Яахав ээ, бид зохицоод ажиллаж сурсан улс” гэж тэрээр өөрсдийнхөө байр суурийг тодорхойлов.

Археологийн шинжлэх ухаан өмнө нь нилээн түүхжсэн хэв маягтай байсан бол эдүгээ статистик давамгайлж, байгалийн шинжлэх ухаантай түлхүү холбогдон, бие даан хэлбэржиж байгаа гэнэ. Нарийн тандалт, хэмжил зүй, боловсруулах, сэргээх ажлууд гээд бүх үе шатуудад тус тусдаа багууд оролцон ажиллах болсоноор археолог өөрөө багуудын зохион байгуулалттай, технологжсон салбар болжээ. “Эдийн засгийн хүндрэл арилахаар бид дахин тусдаа гарч, ажлаа дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн эрхлэх боломжтой болно гэж найдаж байна” хэмээн Амараа салбарынхаа асуудлыг тодотгосон юм.  

 

АРХЕОЛОГИЙН ДИВААЖИН БУЮУ МӨНГӨӨ ТӨЛСӨН НЬ ДУУГАА ЗАХИАЛАХЫН ҮЛГЭР

Ерээд оноос өмнө Монгол орон археологичдын хувьд цагаан толбо байв.  Монголыг тойроод бүх судалгаанууд хийгдчихээд байдаг, монгол нутагт л юу болж байсныг тодорхойлох аргагүй. Ардчилсан хувьсгал ялсанаар яг л үүц задалдагтай ижил үзэгдэл болж орон орны шинжилгээний ангиуд цутган орж ирсэн түүхтэй. Хүннүгийн хийгээд Их Монгол улсын том төрт улсууд хэрхэн бүрэлдсэн юм бол гэхчлэн дэлхийн түүхчдийн хорхойг хөдөлгөдөг томоохон сэдвүүд бий. Жишээ нь, нүүдэлчид тийм том төр улсуудыг үнэхээр байгуулж байсан гэж үү гэдэг асуудал дэлхийн эрдэмтдийн дунд ширүүн маргаан дагуулдаг хэвээрээ. Тэр хирээр гадны төслүүд тасралтгүй цувран үргэлжилсээр байгаа. Төслийнхөө үр дүнд ч тэд маш сэтгэл хангалуун байдаг гэнэ. “Зуун хувь гадны санхүүжилттэй төслүүдэд бид оролцон ажиллаж ирлээ” гэж доктор, дэд профессор Ч.Амартүвшин тодотгов.

Археологийн хүрээлэн өнөөдөр арваад оронтой хамтарсан, эрдэм шинжилгээний 20 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Жилд 5-6 мянган дурсгал шинээр илрүүлж 100 гаруй малтлага хийдэг аж. Харамсалтай нь үндэсний  эрдэм шинжилгээний төсөл байхгүй.  Амараа “Бид археологийн диваажингаа рекламдсаны хүчинд гаднынхантай хамтарсан төслүүд босгодог. Тэдний техник технолог, хүн хүч, хөрөнгө мөнгийг ашиглах сайхан л даа. Муу ч юм алга. Их ч юм сурлаа. Гэвч нөгөө талдаа буруу. Жишээ нь, дүгнэлт гэхэд янз янз гарна. Гадаадынхан хийсэн учраас тэдний хийсэн дүгнэлт илүү нөлөөлөх ч явдал бий. Монголын археологичид өөрсдөө малтаад  судлах юм бол үндэсний эрх ашигтаа нийцсэн  судалгааны ажил хийх нь ойлгомжтой” гэв.

 

БИДНИЙ МӨРӨӨДӨЛ – ҮНДЭСНИЙ ХЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ

Хээрийн судалгааны ажил гэдэг хямд юм биш, олсон олдворуудаа гэхэд цаасан хайрцганд хийгээд тавьчихаж болдоггүй, хадгалах зориулалтын сав суулгаас эхлээд үнэтэй. Иймээс, мэдээж, хамтарсан төслүүд маань үргэлжилж таараа. Гэхдээ үндэсний хээрийн шинжилгээ судалгааны анги гэдэг бол бидний мөрөөдөл” гэж Ч.Амартүвшин онцолсон.

 

ДӨРВӨН ҮЕИЙН АРХЕОЛИГЧДЫН ҮДШИЙН ЯРИА

“Өөр хүмүүст бол уйтгартай л даа. Хагас бүтэн сайн гэж байхгүй. Тасралтгүй үргэлжилдэг ажилтай” гэж Амартүвшин хээрийн шинжилгээний ангийнхны нэг өдрийн ажлыг тодорхойлсон юм. Бидний зочилсон өдөр бороо таарсанаас тэр үү, үдэш нь тэд нэг гэртээ цуглан, тойрч суугаад хууч хөөрцгөөв. Сэдэв нь, мэдээж ойлгомжтой. Хүннү Сүннүгийн үеэс эхлээд Түрэгийн үеийн түүхийн тухай гайхалтай түүх сонслоо. МУИС-ийн Антрополог – Археологийн тэнхимийн профессор, доктор З.Батсайхан  “Түрэг, турк хоёрыг хольж хутгах хэрэггүй ээ. Түрэг бол бидний өвөг дээдсүүдийн нэг гарцаагүй мөн. Харин турк бол ойролцоо дуудлагатайгаас цаашгүй, өөр угсаатай үндэстэн” гэсэн нь миний хувьд эндээс сонссон хамгийн сонирхолтой түүх байв. Олон арван жил судалгаа хийсэн буурал доктор өөрийнхөө дүгнэлтийг зуун хувь гэж мэдээж хэлээгүй, гэхдээ л маш үнэмшилтэй, содон дүгнэлт байсан.

“Түүдэг гал тойрч суугаад Батсайхан багшийнхаа яриаг сонсон хүмүүжлийн замыг олсон үеийн төлөөлөгч билээ би” гэж Амартүвшин хуучлав. Энэ үдшийн ярианд бол Амартүвшин докторын өөрийнх нь хичээл заасан Бөхчулуун, Галдан, Батдалай гээд залуу аерхеологичид, бүр тэдний шавь нар болох МУИС-н Археологийн ангийн дөрөвдүгээр курсын дадлагын оюутнууд оролцож таарлаа. “Манай салбарт шавь сургалт гэж хатуу тогтсон уламжлал бий. Уг нь тэгж заасан ном дүрэм байхгүй л дээ” гэж Амартүвшин ярьсан.

@STsetseg

 

ЦУВРАЛ-1 Д.Мөнгөндалай: Аавын минь намтар үнэнээрээ үлдвэл сайхан

ЦУВРАЛ-2 Ж.Сүхбаатар: Түр зогсолт хийх боломж олдсон нь завшаан байж

ЦУВРАЛ-3 Б.Рэнцэндорж: Нарантуулын амьдралыг фото зургаар өгүүлэхийг зорьсон

ЦУВРАЛ-4 Манай сэтгүүлийн үндсэн сэдэв бол орчин цагийн Монгол хүн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж