Арав гаруй жилийн өмнө УИХ-аас Алтанбулаг чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргаж, дэд бүтцийг барьж байгуулахад 19 тэрбум төгрөг зарцуулсан бол 500 га газрыг худалдааны бүс болгон хуульчилсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл чөлөөт бүс амилаагүй нь дэд бүтцийг бүрэн шийдээгүйтэй холбоотой. Олон жил зогсонги байдалд ороод байсан энэ ажил одоо урагшлах нь. Тодруулбал, цэвэр усны асуудлаа бүрэн шийдсэн бол бохирын шугам сүлжээний ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд салбарын яамны зүгээс анхаарч ажиллаж байгаа бол дулааны ажлыг ирэх жил концессоор эхлүүлэхээ Аж үйлдвэрийн сайд тус чөлөөт бүсийн ажилтай танилцахдаа тодотголоо.
Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаярын мэдээлснээр чөлөөт бүсэд одоогоор эхний ээлжийн хөрөнгө оруулагчдын хэрэгцээг хангах 35/6кВт-ын 160х2, 400х1, 630х1 ил станц, хаалттай дэд өртөө (630х2) ажиллаж байна. Гэхдээ “Сэлэнгэ-Дарханы цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас нэмж техникийн нөхцөл олгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул эхний ээлжинд 35/6кВт-ын дэд өртөөний хүчин чадлыг 35/10кВт-ын хүчдэлтэй 2х6300 кВт чадалтай болгон өргөтгөнө. Алтанбулаг сумын төвийн хэрэглэгчдийн болон чөлөөт бүсийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх цахилгааны ачааллыг шинээр гурван хаалттай дэд өртөө барьж шийдвэрлэнэ. Ингэхдээ Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хэрэглэгчдийн ачааллыг 2 ш 10кВт-ын хуваарилах байгууламж, найман ширхэг хаалттай дэд өртөөг шинээр барьж эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ.
Мөн чөлөөт бүсийн хүзүүвчийн болон эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдэд шаардлагатай зориулалтын стандарт зам талбайг барьж байгуулах, олон улсын үзэсгэлэн яармаг худалдааны цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх. Мод модон бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэлийн паркийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.
Арав гаруй жилийн өмнө УИХ-аас Алтанбулаг чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргаж, дэд бүтцийг барьж байгуулахад 19 тэрбум төгрөг зарцуулсан бол 500 га газрыг худалдааны бүс болгон хуульчилсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл чөлөөт бүс амилаагүй нь дэд бүтцийг бүрэн шийдээгүйтэй холбоотой.
Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих болсноор хойд хөршийн хөрөнгө оруулагчид Алтанбулагийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн бол өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид зарим ажлыг эхлүүлэхээр болж, гэрээ зурагджээ. Тухайлбал, тус чөлөөт бүсийн 2.5 га газарт БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны төв баригдахаар болсон байна. Төслийн төсөв 8.33 сая ам.доллар бөгөөд гурван үе шаттай хэрэгжинэ. Хөрөнгө оруулалтын хүрээнд томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис баригдана. Уг төв байгуулагдсанаар Алтанбулаг чөлөөт бүсийн цаашдын хөгжилд онцгой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Хөрөнгө оруулах сонирхлыг өдөөж байгаа бас нэгэн хөшүүрэг нь Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталсан явдал аж. Уг хуульд зааснаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд дараах хөнгөлөлт эдэлнэ. Үүнд:
1. Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний таван жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлнө.
2. Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.
3. Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
4. Чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын үйлдвэрлэл байгуулахад 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр заажээ.
Гэхдээ Алтанбулаг сумын иргэд “Алтанбулаг чөлөөт бүсийн газраас сумын иргэд нэг ч газар авч чадаагүй” гэдэг гомдлыг Аж үйлдвэрийн сайдад хандан тавьсан юм.
Сайд Д.Эрдэнэбатын хариултаар бол чөлөөт бүсэд газар авсан хэрнээ нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй газрын эзэдтэй байгуулсан гэрээг цуцалж, шинээр хөрөнгө оруулагч татах ажлыг Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагчид даалгажээ. Ийм арга хэмжээ авахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй зөвхөн “газрын панз” үсэргэх сонирхолтой нь олширсон аж. Энэ ажлыг цэгцэлсний дараа дахин газрын төлөвлөлт хийнэ. Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд худалдаа үйлчилгээ голлоно.
Харин Аж үйлдвэрийн сайдын Алтанбулагийнханд өгсөн зөвлөгөө бол Монгол, Оросын хилийн боомтоор нэвтрэхээр дугаарлаж байгаа иргэдийн энэ их урсгалаас мөнгө босгох “шаанс” нь зочид буудал, зоогийн газар, авто машины зогсоол байгуулж бизнес эрхлэх боломж хэмээн тодотгов.
Г.ДАРЬ