БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.08.05-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНАСАУ-ын АДХ-ын депутат Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-ын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.08.05/ Ардын Дээд Хурлын депутат, БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны гишүүн, Дээд боловсролын сайд, Ким Ир Сений их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНАСАУ-ын АДХ-ын депутат Тэ Хён Чөл Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дагалдан яваа хүмүүсээ танилцуулав. Тэрээр Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцах, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх зорилготой буйгаа дуулгав.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж АДХ-ын депутат, Дээд боловсролын сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэж, тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага болон найрамдлын бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг дурдаад БНАСАУ-ын АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Дээд боловсролын сайд Те Хён Чөл-ийн энэ удаагийн айлчлал хоёр орны парламент, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок-ын 2012 онд Монгол Улсад хийсэн айлчлал, 2013 онд Улаанбаатар хотноо болсон Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, мөн 2014 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Солонгосын найрамдлын бүлгийн даргын түвшинд БНАСАУ-д хийсэн айлчлалууд ач холбогдолтой болсныг онцлов.

Мөн тэрээр цаашид хоёр орны парламент дахь найрамдлын бүлгийн дарга болон гишүүдийн солилцоог тогтмолжуулах, түүнчлэн УИХ-ын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналтай байгааг хэллээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж