Оюутны цахим картыг хуурамчаар үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Оюутны цахим картыг хуурамчаар үйлджээ

Оюутны цахим картыг хуурамчаар үйлджээ Хөнгөлөлттэй л үйлчлэхгүй бол болохгүй гэсээр байгаад нийтийн тээврийн хөнгөлөлт эдлэх болсон оюутнууд цахим картаа гар дээрээ дөнгөж авмагцаа хуурамчаар үйлдвэрлэж эхэлжээ. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны мэдээллийг их дээд сургуулиудаас анкетаар авч, мэдээллийн бааз үүсгэх ажлыг Нийтийн тээврийн газраас хийсэн. Энэхүү цахим бүртгэлийн дагуу 79802 ширхэг оюутны цахим картыг өнгөрсөн сарын сүүлчээр хэвлүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 77638 карт эзэндээ очиж, 2100 гаруй карт төлбөр хийгдээгүйн улмаас хүлээгдэж байгаа ажээ. Гэтэл нийтийн тээврийн оюутны картыг хуурамчаар хэвлэн ашиглаж байгаа хууль бус үйлдэл хэд хэдэн удаа гарсан байна.
Нийт  11 их дээд сургуулийн 12 оюутны хуурамч картыг хураагаад байгаа бөгөөд тэдгээрийг хэн, хэрхэн үйлдвэрлэснийг илрүүлэхээр нийтийн тээврийн газрынхан  хууль  хяналтын байгууллагад шилжүүлжээ. Оюутны хөнгөлөлтийн картыг ашиглах зааварт “тухайн оюутан картаа бусдад дамжуулах, ашиглуулахыг хориглох бөгөөд ийм үйлдэл гаргасан тохиолдолд тухайн оюутанд дахин карт олгохгүй” гэж заасан байдаг. Гэвч зарим оюутан картаа бусдад дамжуулж хуурамч карт үйлдэх нөхцлийг бүрдүүлжээ.    
 Энэ мэт бусармаг үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд ирэх долоо хоногоос цахим карт уншигч багажуудыг автобусуудад ашиглаж эхлэхээр болжээ. Өчигдрөөс эхлэн автобус баазууд дээр карт уншигчийг хэрхэн ашиглах зааварчилгаа өгч, сургалт явуулж  байгаа аж. Оюутны цахим карт нь гурван давхар хэсгээс бүрдэх ба дотор талд нь тухайн оюутны мэдээллийг суулгасан нууцлал бүхий чип байрлаж байгаа. Карт уншигч нь 10 см-ийн зайнаас картыг таньж дуут дохио өгөх ба дэлгэцэн дээр мэдээлэл гарах юм байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж