Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.
-Нийтийн тээврийн салбарт багагүй шинэчлэлийг ар араас нь хийж байна. Сүүлийн үеийн ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн захирагчийн ажлын албанаас автозам, нийтийн тээврийн салбарт 12 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх захирамжийг 2012 оны наймдугаар сарын 31-нд гаргасан. Энэ үйл ажиллагааны хүрээнд Автобус 1, 3, Цахилгаан тээвэр компанийг нэгтгэж Зорчигч тээврийн нэгтгэл гэх том байгууллагыг бий болгосон. Энэ нь томоохон шинэчлэл байсан.
Хоёрдугаарт Энхтайваны өргөн чөлөөг засч янзлаад угсраа автобус явуулахаар болсон юм. Ингээд таван хаалгатай, 18.7 метр урт угсраа автобусыг энэ сарын 15-наас явуулахаар болсон. Гол нь угсраа автобус нь зорчигчийн бууж, суух тав тухыг бүрдүүлж өгсөн. Одоо нийтийн тээвэрт явж байгаа автобусны хувьд дээшээ мацаж суудаг. Тэгвэл угсраа автобус руу мацаж гарна гэх ойлголт байхгүй. Нэг ёсондоо сууж буухад амарчилсан гэсэн үг. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчих боломжийг бүрдүүлсэн. Энэ мэтчилэн угсраа автобусны давуу тал, онцлог их учраас энэ сарын 15-наас угсраа автобусыг явуулахаар болсон.
Дараагийн нэг ажил нь нийтийн тээврийн цахим карт юм. Нийтийн тээврийг цахимжуулах асуудлыг манай улс 20 жил ярьсан. 1996-2000 оны хооронд миний бие Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга байсан. Тэр үеэс л нийтийн тээврийг цахим системд шилжүүлнэ гэж ярьж эхэлсэн юм. Гэтэл хийхгүй байсаар одоо л эхэллээ. Хэдийгээр хожуу эхэлсэн ч гэлээ маш эрчимтэй нутагшиж байна. Мэдээж сайн юманд садаа мундахгүй гэгчээр жижиг сажиг асуудал бий. Картаа хаанаас авах, хэрхэн цэнэглэх зэргээс эхлээд хүндрэлийг иргэд ярьж байна. Ялангуяа оюутан, сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цэрэг, цагдаагийн байгууллагынхны асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна.
Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ цахим системийн шинэчлэлийг бид хийгээд байгаа юм биш. Хотжсон бүх улс орнуудад нэвтэрсэн зүйл. Үүнийг бид энэ сарын 15-наас албан ёсоор жигдрүүлэх юм.
-Нийтийн тээврийн салбарт яригдаж буй бас нэг ажил нь тусгай замын автобус байсан. Энэ ажил юу болж байна вэ?
-Тийм. Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх бас нэг ажил нь тусгай замын автобус юм. Засгийн газрын дэмжлэгтэй, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 264 сая ам.долларын бид төслийг авсан. Дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын эхний хэсэг хийгдэж байна. Иймэрхүү ажлыг цогцоор нь хэрэгжүүлээд эхэлбэл замын түгжрэлийг сааруулахад дөхөм болно гэж үзсэн. Ер нь цаашид нийтийн тээврийг хөгжүүлж, цаг, минутаар явж, тохь тухтай болговол иргэд заавал хувийн машин унахыг илүүд үзэхгүй болов уу.
-Метроны асуудал юу болж байна вэ?
-Метроны хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар байх юм. Японы Засгийн газрын санхүүжилт авах талаар яригдсан. Гэвч улсын маань өрийн тааз өндөр болсон гэдгийг мэдэж байгаа байх. Метро байгуулах асуудал юу юугүй зогссон зүйл байхгүй. Харин өрийн хэмжээ хэт өссөн учраас хэлэлцэж байна.
Б.ЗАЯА