Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Тус улсыг зорих хүсэлтэй иргэдийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд гурав хоногийн турш бүртгэнэ. Бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 06-аас 1997 оны наймдугаар сарын 05-ны хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой юм байна.
Түүнчлэн Солонгост урьд нь ажиллаж, амьдарч байсан иргэдийг түлхүү бүртгэх бөгөөд тус улсаас албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй зэрэг шалгуур хангах юм. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах бөгөөд БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой гэнэ.
Д.ЦЭЦ