Хатагин овгийнхон гурван жилдээ нэг удаа уулзаж, наадам цэнгээнээ хийдэг уламжлалтай болжээ. Хуучнаар Хурц вангийн хошуу, Ёст бэйсийн хошуу, Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Матад сумынхан Хатагин овогтнуудад багтдаг бөгөөд энэ жилийн наадмыг дээрх гурван сумынхан хамтдаа тэмдэглэх ажээ. Наадам Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд маргааш эхэлнэ. Овог нэгтнүүд наадмаараа уламжлал ёсоор бөх барилдуулж, морь уралдуулахын сацуу сур, шагайн харвааны тэмцээн зохиож, гурван сумынхны хамтарсан концерт тоглох гэнэ.
Хатагин овогтны нэр нь хаадын буюу "хаад эзэн" гэсэн утгатай монгол үгээс бүтсэн гэж үзэж болохыг нэвтэрхий тольд бичжээ. Мөн Хатагин овог нь эртний овог ба овгийн үндэс нь Алангуа хатаны таван хөвгүүний нэг болох Буха Хатаги-аас гаралтай хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Одоогоор Хатагин овогтон Монгол улсын зүүн хэсэг болох Сүхбаатар, Дорнод аймгуудад олноор тархан суурьшсан байдаг ба мөн Хөвсгөл, Архангай, Завхан, Орхон аймагт цөөн тооны хатагин овогтон таарна. Хатагин түмний дундаас сод эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн дуун хөрвүүлэгч Г.Аким зэрэг олон алдартнууд төржээ. Хатагинчуудын наадмыг ч доктор профессор, Г.Акимын санаачлагаар сэргээсэн бөгөөд анхны наадам 2009 оны есдүгээр сарын 9-ний есөн цаг есөн минутад эхэлж байжээ.
Д.ЦЭЭНЭ