&#34Намуудын үйл ажиллагаа ил тод байх ёстой&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

&#34Намуудын үйл ажиллагаа ил тод байх ёстой&#34

Жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг "Анхны ардчилсан чөлөөт сонгуулийн өдөр" болгон тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт монголчууд ардчилсан сонгуулийн түүхээр амьсгалж, 25 жилийн өмнөх өдрүүдийг дурссан олон арга хэмжээ зохион байгуулсан юм.

Ойд зориулж зохион байгуулсан Хүндэтгэлийн хуралд монголчуудын ардчилалын замналыг сонирхсон гадны зочид их байлаа. Тухайлбал Бүгд найрамдах Энэтхэг улсын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн төрийн сайд Ражявардхан Сингх Ратхоре өнгөрөгч долоо хоногт тохиосон Ардчилсан сонгуулийн ойн өдөрт уригдан оролцсон юм. Энэ үеэр түүнтэй цөөм хором ярилцсаныг энд сийрүүллээ.


Mонгол Улс ардчилсан нийгэм рүү тайван замаар шилжиж, ардчилсан тогтолцоотой болсон улс. Та Монголын ардчиллын процесс болон сонгуулийн системийг хэрхэн үнэлж байна вэ?

-Монгол Улс бол гайхалтай түүхтэй орон. Тийм ч учраас Монголын ард түмнийг цаашид илүү гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэж би боддог. Монголчууд ардчилсан чөлөөт нийгмийг сонгосноороо өөрсдийн ирээдүйн амьдралаа ч мөн өөрсдийн сонголтоор шийдсэн. Энэтхэг улс  нь дэлхий дээрх хамгийн том ардчилсан улс болохын хувьд, Монгол улс болон Монголын ард түмнээр бахархах сэтгэл төрж байна. Тийм ч учраас Энэтхэг улсын зүгээс аливаа хамтын ажиллагаанд бэлэн төдийгүй Монгол улсыг дэмжин ажиллахдаа таатай байх болно.

-Та өөрийн улсын чөлөөт ардчилсан тогтолцооны туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Манай улс шиг тэрбумаар тоологдох хүн амтай улсад сонгууль зохион байгуулах нь тийм ч амар ажил биш. Манай улс бол олон намын тогтолцоотой улс. Тийм учраас сонгогчдод санал өгөх маш олон сонголтууд байдаг. Ардчиллын процессийн хувьд мэдээж хамгийн хэцүү асуудлуудын нэг мөн. Манай ардчилал хараахан туйлын шударга, чөлөөт болж амжаагүй л байна. Манай улсын хувьд Энэтхэг улсын Сонгуулийн Ерөнхий Комисс гэдэг бие даасан нам байдаг. Энэ нам нь засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй хараат бус нам байдаг учир манай улсын сонгууль шударга явагддаг гэж би үздэг. 

Цаашид Монголын сонгуулийн систем болон ардчилалыг дэвшилд хүргэх хүчин зүйлс таны бодлоор юу байна вэ?

-Сонгууль бол чөлөөт, шударга, бас төгс сонголт байх ёстой гэж би боддог. Монголын ард түмэн нэр дэвшигчдийнхээ талаар мэдээлэл сайтай байх ёстой. Иргэдийн боловсролын түвшин бас сайн байх хэрэгтэй. Нэр дэвшигч болгоны амлалт үзэл бодол зэрэг нь сонгогчдын хүсэл шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Засгийн Газрын зүгээс сонгуулийг явуулах систем процессууд ч мөн адил өндөр түвшнийх байх шаардлагатай. Үүгээр зогсохгүй улс төрийн намуудын бодлого үйл ажиллагаа нь ил тод, нэгдсэн цогц байх хэрэгтэй юм.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж