-Нялх балчир үрсэд олноор тохиолдох болсон зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, зүрхний ишемит өвчний үеийн мэс засал, артерийн судас, шулуун гэдэс, чихний эмгэг, бөөрний мэс засал гэхчилэн хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчний улмаас мэс засал хийлгэх аваас ЭМД-ын сангаас хөнгөлөлт өгч байхаар хуульчилсан нь олон хүнд урт нас, амьдрал бэлэглэсэн сайхан эхлэл болжээ-
Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-д хамрагдаагүй хүн манай улсад нэг ч байхгүй. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 нас хүртэл нь даатгалд үнэ төлбөргүй хамруулдаг. Иргэн нэг бүр нь ийн даатгалд хамрагдсан хэр нь тэрхүү даатгалынхаа үр шимийг бүрэн дүүрэн хүртэж байна уу гэвэл харин өөр хэрэг. ЭМД-ыг шат шатны эмнэлэгт үзүүлэх хөтөтч цэнхэр дэвтэр төдийхнөөр олон жил ашигласан. Хөгшид хүүхдүүдэд бол ач тус, ээл ивээлээ өгдөгийг үгүйсгэхгүй. Харин ид хөдөлмөрийн насныхан тэр дундаа өвдөж хавдаад байдаггүй хүмүүс бол сар тутам цалингаас нь суутгадаг ЭМД-ыг төвөгшөөхөд хүрсэн. Эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд тээж, төрүүлэх үедээ ЭМД-ын хөнгөлөлт үйлчилгээг хүртдэг. Үүнээс хэтрэлгүй олон жилийг элээсэн ЭМД энэ жилээс амь орлоо. Өөрөөр хэлбэл ЭМД даатгал гэх жинхэнэ утгаа олж, даатгуулагчийн даахааргүй хүнд ачааг дамжлах үүргээ гүйцэтгэж эхэлжээ.
ДЭЭД ТАЛ НЬ 5,8 САЯ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
Иргэд эрүүл мэндээ даатгадаг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна. Хорин жилийн хугацаанд ЭМД-ын хуулинд есөн ч удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч энэ жилийнх хамгийн далайцтай шинэчлэл байлаа гэж мэргэжлийн байгууллагын зүгээс үнэлж буй ажээ.
ЭМД-ын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-аас энэ оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан бөгөөд хуулийн хэрэгжилт долдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм. ЭМД-ын хуулийн шинэчилсэн найруулгын 9.1.6, 9.1.8-д зааснаар өндөр өртөг бүхий зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлыг үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож эхэлжээ. Энэхүү тусламж үйлчилгээнд өвдөг, түнхний үе солихоос эхлээд олон хүний хувьд тулгамдсан асуудлыг шийдэж өгснөөрөө онцлог юм. Нийтдээ 50 гаруй төрлийн мэс засал, 80 гаруй төрлийн эмнэлгийн хэрэгсэл жагсаалтад багтжээ /жагсаалтыг доор хавсаргав/ Хамгийн өндөр үнэлгээтэйгээс жишээ татахад зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5 484 000 /таван сая дөрвөн зуун наян дөрвөн мянган/ төгрөг, түнхний хиймэл үе хийлгэж буй өвчтөнд л гэхэд 5 250 000 /таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4 875 000 /дөрвөн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг ЭМД-ын сангаас гарган өгч буй ажээ. Энэ бол багагүй хэмжээний дэмжлэг хэмээн даатгуулагчид ам сайтай байна. Нялх балчир үрсэд олноор тохиолдох болсон зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, зүрхний ишемит өвчний үеийн мэс засал, артерийн судас, шулуун гэдэс, чихний эмгэг, бөөрний мэс засал гэхчилэн хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчний улмаас мэс засал хийлгэх аваас ЭМД-ын сангаас хөнгөлөлт өгч байхаар хуульчилсан нь олон хүнд урт нас, амьдрал бэлэглэсэн сайхан эхлэл болжээ. Дээр нэр дурдсан мэс заслуудыг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэгт хийлгэсэн тохиолдолд хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм. Энэ жилийн хувьд өндөр өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас 10,4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
ИРЭХ ОНООС ЭМД-ЫН ШИМТГЭЛ ӨСНӨ
Ийм заалт хуулинд бий. Өдгөө төрөөс 1,3 сая хүний ЭМД-ын шимтгэлийг хариуцан төлж байгаа бөгөөд жилд 8040 төгрөгийн шимтгэлийг төлдөг. Сарын турш 670 төгрөгөөр иргэнийхээ эрүүл мэндийг даатгаж байгаа нь дэндүү чамлалттайн хэрээр эмнэлгийн үйлчилгээ нь ч тун ядмаг байдаг нь нууц биш. Тиймээс ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрөөс төлж буй даатгалын хэмжээг нэмэгдүүлэхээр хуульчилсан байна. 18 хүртлэх насны хүүхдийн ЭМД-ын жилийн төлбөр 23040 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жилийн шимтгэл 46080 төгрөг болно. Багагүй хэмжээгээр өсөн нэмэгдэж буй ЭМД-ын шимтгэлийн төлбөрийг Хүний хөгжил сангаас санхүүжүүлэх бөгөөд шимтгэл нэмэгдэхийн хэрээр даатгуулагчдад зориулсан үйлчилгээ ч хүрээгээ тэлэх гэнэ. Улсын хэмжээнд ЭМД-ын сангаас амбулаторийн нэг удаагийн үзлэгт 15 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаагийн дээр хэвтэн эмчлүүлэх, оношлогоо хийлгэх, өдрийн эмчилгээ хийлгэх зэрэг үйлчилгээг ЭМД-д хамруулсан байдаг ажээ. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүйгээс эмнэлэгт хэвтэж гэмээнэ багахан хөнгөлөлт эдэлдэг гэж боддог. Хэвтэж буй эмнэлэг нь улсынх биш бол ЭМД хамаарахгүй гэсэн ташаа ойлголт ч түгээмэл. Тэгвэл хууль шинэчлэгдсэнээр үйлчлүүлэгч хэнийг сонгоно түүнд ЭМД-ыг илүү хүртээх бодлого барьж эхэлжээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудад ч дэмжлэг болж байгаа юм. Түүнчлэн ЭМД-ы хөнгөлөлтөөр хавдрын хөнгөвчлөх үйлчилгээ, химийн туяа эмчилгээ, өрх сумын эмнэлгийн сэргээн засах үйлчилгээ, жирэмсэн эхчүүдийн хавсарсан эмгэг зэргийг ч хөнгөлөлттэйгээр эдэлж болох нь.
Иргэд эрүүл мэндээ даатгадаг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна. Хорин жилийн хугацаанд ЭМД-ын хуулинд есөн ч удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч энэ жилийнх хамгийн далайцтай шинэчлэл байлаа гэж мэргэжлийн байгууллагын зүгээс үнэлж буй ажээ.
ӨРХИЙН ДААТГАЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн энэ удаагийн шинэчлэлээр өрхийн даатгалын асуудлыг шийдсэн нь нэгэн чухал алхам юм. Өрхийн гишүүдийн хэн нэг нь өвдөж, эмнэлгийн өндөр өртөг бүхий тусламж авах болжээ гэхэд ЭМД-аа түүнд шилжүүлэн ашиглуулж болно гэсэн үг юм. Гэхдээ энэ боломжийг жилд нэг л удаа хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн дагуу нэг даатгуулагч жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төлүүлдэг. Тухайн өрхийн өвдөж сандаргасан хүний эмчилгээний төлбөр 1.8 саяас хэтрэх, олон удаа эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай боллоо гэхэд өрхийн нөгөө гишүүний 1.8 сая төгрөгөөс нэг удаа ашиглаж болно гэсэн үг юм.
Харин даатгуулагчдын хамгийн их хүсэн хүлээсэн ЭМД-ын хөнгөлөлтийг өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд зориулах заалт энэ удаагийн шинэчлэлд хараахан багтсангүй. Өөрөөр хэлбэл, фитнэсс, усан бассейн зэрэгт ЭМД-ын хөнгөлөлтөөр үйлчлүүлэх хүсэлт талаар өнгөрөв. Зарим улс оронд ийм зүйл заалт байдаг ч манай орны хувьд хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдээгүй гэж үзжээ. Шинэчлэн хэрэгжүүлж буй ЭМД-ын хуулийн дагуу иргэд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт заавал үзүүлж байхаар болжээ. Иргэдээ товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааруулаад эрүүл мэндийн урьдчилсан оношлогоо шинжилгээнд заавал хамруулж байхаар хуулинд заасан бөгөөд зардлыг ЭМД-ын сангаас гаргах юм байна.
Д.ЦЭЭНЭ
Хүснэгт дээр дарж томруулан харна уу.