Төгрөг бүрийг бүртгэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Төгрөг бүрийг бүртгэхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. 2008 оны хоёрдугаар сарын 6-нд Татварын өршөөлийн тухай хуулийг баталжээ.

Уг хуулийн хүрээнд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, 748 иргэн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлж, улмаар 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул Засгийн газарт буцаасан. Иймээс уг хуулийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлсэн хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль санаачлагын илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, "Энэхүү төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгасан нь урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан. Уг хуулийг баталж, хэрэгжүүлснэр илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болно. Ингэснээр татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Стргатегийн ордуудад их хэмжээний мөнгөний асуудал яригддаг. Тиймээс стратегийн томоохон ордуудыг ашиглахад ашиггүй гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийг энэ хуульд хамруулахгүй байх нь зөв. Зах зээлийн шилжилтийн үед эрх зүйн орчин боловсронгуй бус байсантай холбогдуулан далд эдийн засгийн тогтолцоо үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ямар аж ахуйн нэгжүүдийг өршөөлд хамруулах вэ гэдгийг нарийн ангилах хэрэгтэй. Татварын өршөөлийн хуулийг дагаад сөрөг хандлага бий болдог. Өөрөөр хэлбэл, татварын өршөөлд хамрагдчих юм чинь гээд татвараа төлөхгүй байх, хөрөнгөө нуух асуудал үүснэ. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй” гэв.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Байнгын хорооны гишүүд "Тендерт шалгарч, өөрсдийн  хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн компаниуд төсвөөс мөнгөө авч чадахгүй байгаа. Уг асуудлыг шийдэж, мөнгө гаргах асуудлыг нягтлах ажлын хэсэг байгуулъя" гэсэн санал гаргав. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “УИХ-ын гишүүд төслийг хүлээж аваад уншиж танилцах хэрэгтэй. Өнөөдөр бид дахиад хүч тулгасан байдлаар ажлаа явуулж байна. Өчнөөн аж ахуйн нэгж байгууллагууд одоо болтол санхүүжилт байхгүй байгаа. Өнгөрсөн оноос хойш санхүүжилтгүй зогссон. Эдийн засаг хаана хаанаа түгжигдчихлээ гээд байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь викслээр дамжуулж санхүүжилт хийе гэсэн. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулчихсан аж ахуйн нэгж байгууллагууд ажлаа хийчихсэн, мөнгөө авах тухай яригдаад байгаа. Иймэрхүү асуудалд бид гоомой хандаад байна” гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Санал, гомдол чуулганы нээлтийн дараагаар орж ирлээ. Байнгын хороо, УИХ шийдвэрээ гаргачихаад байхад өнөөдрийг хүртэл шийдвэрээ хийхгүй явж байснаа гэнэтхэн одоо бөөнөөр нь гаргах гээд байна гэдэг санал гомдол гараад байгаа. Тийм учраас л бид өнөөдөр ажлын тав хоногт багтаагаад нягталъя гэж байгаа” хэмээн хариулав.  

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулах саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.  
 

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж