-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг, Баянгол, Мандал, Баруунхараа сумдаас гадна Дулаанхан, Номгон тосгонд ажиллалаа-
Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэд өнгөрсөн өвөл цас их унасан ч хавартаа шуурч, зундаа хөрсөн дээр 40-ээс дээш хэм халснаас зарим сумдын тариаланчид ургацынхаа 50-70 хүртэл хувийг алдах эрсдэлтэй тулжээ. Гантай нутаг дахь зарим тарианы иш нь годойсон ч навч өнөө хэр нь шарлаж амжаагүй нов ногооноороо, бэлчээрт нь хамар хатгах өвс ургаагүйгээс малчид сум, сумын нутаг сэлгэн нүүдэллэж явна. Тухайлбал, Хушаат сум ургацынхаа 50 хүртэл хувийг, тус аймгийн зургаан суманд газар тариалан эрхэлдэг “Гацуурт” компани ургацынхаа 70 хүртэл хувийг алдсан гэх мэдээллийг өгсөн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан “35 жилд үзээгүй ган нүүрлэлээ” хэмээн тодорхойлсон юм.
Гантай нүүр тулсан тариаланчид ургац алдсан шалтгааныг цаг агаарын мэдээтэй холбож ярих нь байна. Тойм мэдээнд зургаа, долдугаар сар хур бороо элбэгтэй байна гэж мэдээлсэн ч Сайхан суманд 45 хоногийн турш их халалт үргэлжилжээ. Ганц удаа бороо орсон нь наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-ний өдөр аж, түүнээс хойш мөн л халжээ.
Уринш хийгээгүй талбайд тариа тарьсан нь ургац алдах бас нэг шалтгаан болсон байна. Газар тарилангийн салбарт насаа элээсэн хашир туршлагатай тариаланчид “Уринш хийлгүйгээр тариалалт хийх нь ургац алдахын цондон шүү” гэдгийг цаг үргэлжид захисаар ирж, гэвч үгийг нь аваагүй. Ер нь тариа тарина гэдэг трактор, комбайн хөдөлгөчихдөг болгоны хийдэг ажил биш бололтой. Тариалангийн талбайнхаа хөрс шороог нь судалж мэддэг байхаас эхлээд олон зүйлийг мэргэжлийн нүдээр харж, ажиллах болсныг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Үүний тулд газар тариалангийн салбарт ажиллах боловсон хүчинд төр анхаарал хандуулж, тариаланчдыг бодлогоор бэлтгэхгүй бол тариалан мэддэг хүн жилээс жилд цөөрч байгааг сануулах хүн ч олон таарлаа.
Хаврын турш нар салхинд гандаж, газартай “ноцолдсон” тариаланчдын хувьд ургацынхаа 50 хүртэл хувийг алдах нь ашгаа тэр чигээрээ газарт булснаас ялгаагүй. Гэвч тариаланчид ганд бууж өгөхгүй, ургасан буудайгаа ширхэгийг ч газарт үлдээлгүйгээр хурааж авна. Боломжгүйг нь малын тэжээл болгож бэлтгэнэ. Гантай жилийг зуд залгадаг тул мал аж ахуйн салбараа аварч гарахын тулд тариаланч бүр хүчээ дайчилж, намрын урт өдрүүдэд ажиллахаа Аж үйлдвэрийн сайдад дуулгаж байлаа. Харин төрд хандаж тавьсан хүсэлт нь стратегийн чухал салбараа бодлогоор хамгаалах. Үүний тулд Засгийн газар эхний ээлжинд тариаланчдынхаа хураасан буудайг улсын нөөцөд худалдан авах, мөн гурил үйлдвэрлэгчид дотоодынхоо буудайгаар гурил үйлдвэрлэх. Ийм арга хэмжээг зорилготойгоор авахгүй бол өнгөрсөн өвөл Засгийн газар буудай импортлох шийдвэр гаргаснаас олон компани алдагдал хүлээжээ. Алдагдлынхаа ард гарч амжилгүй, хавартаа золгож тариалалтаа эхлүүлсэн байна. Ингэхдээ буудайн үр, тариалалт хийхэд шаардлагатай шатахуунаа зээлээр авч ажлаа эхлүүлсэн аж.
Ийм үед хураасан жаахан буудайг нь ашиглахгүй бол алдагдлын хэмжээ өсч, зээлээ төлж чадахгүй болох эрсдэлтэй гэнэ.
Аж үйлдвэрийн сайдад хандан тавьсан удаах хүсэлт нь тариаланчид бол стратегийн чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Энэ утгаар нь анхаарал хандуулж, газар тариалан эрхлэгчдээ хамгаалах онцгой бодлогыг Хүнс хөдөө аж ахуйн сайдтай хамтраад гаргах. Ингэхгүй бол ургац алдаж байгаа сургаар гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг. Тэр дуулианаар нь ард иргэд гурил будааны үнэ өсөх нь гэж бужигнадаг, эргээд энэ нь тариаланчиддаа халтай тусч мэдэх тул улсын хэмжээнд хэдий хэмжээний ургац алдах вэ гэдэг нарийн тоог наймдугаар сарын 25-н хүртэл хүлээж, тодорхой болгох. Түүний дараагаар дутуугаа импортоор авах асуудлыг шийдэх.
Хадлан тэжээл бэлтгэх боломжийг ОХУ-ын Буриад улсаас судлах. Энэ талын яриа хэлэлцээг хийх. Гадаад руу хивэг импортлохгүй байх зэрэг хүсэлтийг тавьсан юм.
Мөн өнгөрсөн жилүүдэд тариаланчдад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас урт хугацаатай зээл олгосон байгаа аж. Гантай байгааг харгалзан үзэж, зээл төлөх хугацааг хойшлуулж өгөх, эсвэл хүүг нь зогсоож өгөх боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа. Тариаланчдаас тавьсан энэхүү хүсэлтийг Аж үйлдвэрийн сайд Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээ онцолсон юм.
Ш.Мардаан: 800 га-д тарьсан тариа байхгүй болчихлоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Сэлэнгэ аймгийн Номгон тосгоны “Газрын ундраа” компанийн захирал Ш.Мардаан:
Газар тариалангийн салбарт ажилласан 35 жилийн хугацаанд манай нутагт ийм ган болж байгаагүй. 2003, 2005 онд ган болж байсан, 2005 оныг их гангийн жил гэж тариаланчид ярьдаг. Тэр жил би га-гаас 11 центр ургац авч байсан. Энэ жил бусдыгаа дуурайгаад хөөрөөд 80 га-д буудай тарьчихсан чинь оргүй болчихлоо. Гэхдээ газар баян, 1000-аад тонн буудай авчих бололцоо бий. Засгийн газрын сайд ажиллаж байгаа боломжийг ашиглаж хэлэх санал бол намрын намарт гадаадаас буудай оруулж ирдэгээ зогсоо. Хэрвээ импортын буудайн асуудал давтагдах юм бол муухайд улцан гэгч болно, тариаланчдын буудай борлохгүй, зээлээ төлж чадахгүй болно. Тариаланчид бүх нөхцөлөө дайчлаад ажиллана, итгээрэй.
Хоёрт, тариалан эрхлэгчид техник технологио шинэчлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийн шугамаар олон жилийн хугацаатай зээл авсан. Графикийн дагуу зээлээ төлөөд явж байгаа, төлөгдөөгүй газар байхгүй. Дээд тал нь 500-600 сая төгрөгийн зээл авсан. Энэ жилийн хувьд зээл төлөхөд амаргүй байгаа тул хойшлуулж өгөх боломж байна уу.
Сүүлийн таван жилд бороотой хуртай байсан учраас уринш хийхээ больсон. Ийм юм байж болохгүй гэдгийг сануулж ирсэн, тариалангийн талбайн 40-өөс доошгүй хувьд уринш хийх ёстой юм. Уринш хийгээгүйгээс ургац алдлаа.
Хадлан тэжээл бэлтгэхэд анхаарахгүй бол Сэлэнгэ аймгийн тухайд Ерөөгөөс өөр хадлантай газар алга. Үлдсэн 18 сумд нь ганц Ерөөд очиж хадлан бэлтгэнэ гэж юу байх билээ. Социализмын үед Буриадаас хадлан бэлтгэдэг байсан, энэ асуудлыг анхаарах.
Энэ хавар цаг агаарын прогноз их буруу өгөгдлөө. Жишээ нь, тавдугаар сар олон жилийн дунджаас илүү хур тундастай байна, зургадугаар сар олон жилийн дунджаас огцом тундастай байна гэсэн. Хэрвээ гантай байна гэсэн бол тариалалтаа нааш цааш болгоод зохицуулах байсан. Шинжлэх ухаан хөгжсөн эрин зуунд амьдарч байж үр шимийг нь амсаж чадсангүй.
Б.Энэбиш: Дөрөв хоногийн зөрүү маш их хохирол учрууллаа
“Өнөр булагтай” компанийн захирал Б.Энэбиш: Тав, зургадугаар сар бороотой, долоон сар халалттай гэсэн. Тийм учраас гуурс тариалах шаардлагатай болсон. тэгж хэлээгүй бол гуурс тариалахгүй. Ш.Мардаан тавдугаар сарын 11-нд тариалалтаа хийж, би тавдугаар сарын 15-нд тариалалтаа эхлүүлсэн. Дөрөв хоногийн зөрүү боловч бидэнд маш их хохирол учрууллаа. Хойшид Ус цаг уурын хүрээлэн зөв прогноз гаргаж өгөх нь бидэнд хэрэгтэй байна.
Жижиг, дунд үйлдвэрийн шугамаар 300 сая төгрөгийн урт хугацаатай зээл авсан. Энэ жил анхны зээл нь төлөгдсөн. Одоо 37.500.000 төгрөг төлөх ёстой ч хүндрэлтэй байна, төлөлтийн хугацааг хойшлуулдаг юм уу эсвэл хүүг нь зогсоодог арга байна уу. Шатахууны зээл авсан, үрийн зээл авсан, үүнийг хойтон жил болгож өгөх боломж байна уу.
Өвөлжилтөд одооноос эхэлж анхаарахгүй бол Ерөө, Хүдэр, Хушаатын ар тал руу мал өвөлжих газар байсан руу бүгд очсон. Өвөлжөөнийхөө газарт одоо зусч байгаа бол хадлан авах талбайг бодох ёстой.
Тариалангийн газар малдаа шахуулж байна
"Шивээнээ өндөр" компанийн захирал Р.Базаррагчаа: Газар тариалангийн салбарт ажиллаад 45 жил болж байна. Газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй хоёр нэг газар байж болохгүй юм гэдгийг хаа, хаанаа анхаарах цаг боллоо. Малд төр ч арга хэмжээ авдаггүй, аймаг орон нутаг ч анхаардаггүй. Сүүлийн 17 жилд тарьсан тарианыхаа хамгийн багадаа 8-20 хүртэл хувийг малд идүүлдэг. Тариалангийн газар малдаа шахуулж гүйцлээ. Шуудуу татаад ч нэмэр алга, бульдозероор шороо түрээд малаа оруулчихаж байна. Энэ асуудлыг цэгцлээгүй цагт тариа яриад нэмэргүй.
Манай нутагт 1200 малтай айл байна, даанч яавдаа гэмээр малууд. Тоо л чухал болохоос чанарт анхаарч байгаа юм алга. Ийм малыг цөөлж болдоггүй юм уу.
П.Мөрөн:Төлөвлөсөн ургацаа 60-70 орчим хувиар алдаж байна
Цагааннуур суман дахь “Гацуурт” компанийн Газар тариалан мал аж ахуйн газрын дарга П.Мөрөн: Энэ онд 45 мянган га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, тосны ургамал төмс хүнсний ногоо тариалсан. Үүнээс 35 мянган га талбайд буудай тариалсан, түүнийхээ 70 орчим хувийг алдаад байна. Зургаан суманд тариалалт хийсэн. Нийт 45 мянган га талбайн 1300 га нь усалгаатай тариалан. Усалгаатай тариалан ч сайнгүй байна, бороо хур багатайгаас усны урсац багассан. Хөрсөн дээр 40-өөс дээш градусаар халж байна. Анхаарах асуудал бол Монголын тариаланчдын тарьсан бага ч гэсэн ургацыг гурилын үйлдвэрүүддээ хувааж өгөөд, дараа нь импортоор буудай авбал төрийн дэмжлэг болно.
Д.Баярхүү: Гантай хэр нь ургац алдаагүй компани бий
Ерөнхий сайдын Газар тариалангийн зөвлөх Д.Баярхүү: Ургац алдахад гангаас гадна технологи алдагдсан нь нөлөөллөө. Газрынхаа онцлогт тохируулан комбайнын тохиргоо хийдэг тариаланч ховордсон байна. Нөгөө талдаа тариалалтын хугацааг оновчтой тогтоогүйгээс алдаа гарсан. Яагаад гэвэл тавдугаар сарын 5-17-ны хооронд тариалалтаа эхлүүлж, тухайн сарынхаа 25-28-ний хооронд дуусгасан нь арай гайгүй байна.
Газар тариалангийн бүс нутагт хур бороо янз бүр л орсон байх, гэхдээ гантай хэр нь ургац алдаагүй компани байна. Жишээ нь, Сайхан суман дахь “Цэгээн уст” компани ургац алдаагүй. Энэ бол тариалалт хийх хугацаагаа зөв тооцсон, технологио мөрдсөн гэсэн үг. Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалалт, хөрс боловсруулалт, хураалт гэсэн гурван технологи байдаг. Гэтэл байгаль дэлхийд даатгаад хөрс боловсруулалтыг хийдэггүй болсон. Цаашдаа ургац авъя гэвэл уринш хийх хэрэгтэй.
Цаг агаарын мэдээ буруу өгөгдсөн гэдэг зүйлийг тариаланчид ярьж байна. Тавдугаар сар гарангуут би Ус цаг уурын хүрээлэнгээс очиж, мэдээлэл авсан. Хамгийн бодитой мэдээллийг өгөөч ээ гэхэд “Хамгийн бодитой мэдээлэл долоо хоногоор л гарна. Түүнээс цаашхи мэдээллийг аль ч улсын Цаг уурын хүрээлэн гаргаж чадахгүй” гэдэг хариулт өгч байсан. Тэгэхээр тариаланчид олон жилийн дунджаа өөрсдөө харж сурах хэрэгтэй.
Д.Эрдэнэбат: Сэлэнгэчүүд ургацынхаа 50 хувийг авна
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Сэлэнгэ аймгийн нийт 12 сумаар орлоо. Гантай байна. Хамгийн хүнд байгаа сумд бол Сайхан, Орхонтуул, Сант, Баруунбүрэн гэсэн сумдууд. Үүнтэй холбоотойгоор зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдээс хүндэрсэн байна. Гэхдээ газар тариалан эрхлэгчдийн хэлж буйгаар ямар ч байсан Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой байна гэсэн мэдээллийг авлаа.
Хэдийгээр өнгөрсөн жилийнх шиг 100 хувь ургац хурааж чадахгүй болсон ч тарьж ургуулснаа хаягдалгүй хурааж авах, түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлэхэд анхаарах шаардлага байна. Тариаланчдын зүгээс “Бид энэ жил 200.000 тн үр тариа хурааж авах боломжтой” гэдгийг хэлж байна. Тэгэхээр Засгийн газар цаашид илүү анхаарах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.
Засгийн газраас зуншлага гангийн байдалтай холбогдуулан нөөцийн үр бэлдэх, үр тариаг Засгийн газраас дэмжлэг үзүүлж, худалдан авах ажиллагааг дэмжих тухай тогтоолыг саяхан гаргасан. Энэ чиглэлээр бидэнд шуурхай ажиллах боломж байгаа. Тариаланчид эргэлтийн хөрөнгийг буй болгох, ирэх жилийн үрийн нөөц бага болох магадлал өндөр байгаа тул эдгээр асуудлуудад анхаарахыг хүслээ. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд будаагаа бүрэн тушаах шаардлага байна.
Гурилын үйлдвэрүүд бололцоогоороо тариаланчдынхаа буудайг худалдан авч, гурил үйлдвэрлэж, ард түмэн ч гэсэн дотооддоо үйлдвэрлэж байгаа гурилаа худалдан авах хэрэгцээ шаардлага мөн гарах нь ойлгомжтой. Ингэж үйлдвэрлэлээ дэмжинэ.
Г.ДАРЬ