Зохицуулалтаа хүлээсэн цахим шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2015.08.04-нд нийтлэгдсэн

Зохицуулалтаа хүлээсэн цахим шинэчлэл

Шинэчлэл, ололт, хөгжил хэмээн амтай болгон нэг л зүйлийн талаар ярина. Сонин сайт, дэлгүүр хоршоо, банк санхүү хаана ч орсон ярианы онцлох сэдэв. Мөддөө хуучрахгүй нь гэлтэй цахим карт, автобусны шинэчлэлийн яриа алхам тутамд намайг дагасаар…

Сурсан зангаараа том, том алхлан автобус руу гүйх шахам орно. Араас дөрвөн хүн автобусанд ороход нэг нь л карт уншуулж, өнөө гурав нь хайрцагт мөнгөө хийж харагдав. “Нүдний гэм” болсон картыг харсан хоёр эмэгтэй эцэс төгсгөлгүй яриагаа цахим карт руу шилжүүлэв. “Өнөө Даваа чинь картаа автобуснаас буухдаа уншуулаагүй гэнэ. Тэгээд орой автобусанд суугаад уншуулах гэсэн чинь үлдэгдэл нь 0 болчихож ээ. Энэ карт чинь ёстой дэмий эд байна” гэх хоёр эмэгтэйн яриа чих дэлссээр угтана.

“Харин ч халтар төгрөг барьж явахгүй цэвэрхэн аятайхан юм” гэх охины нарийхан хоолой зорчигчдын анхаарлыг өөр рүүгээ чиглүүлэв. Хажуудах нь олны харцнаас гэрэвшин, шивнэх шахам “Харин тийм. Гэхдээ хариулт өгөхгүй нь төвөгтэй юм” гэнэ.

Энэ зуур Дөрвөн замын буудлаас автобусанд суусан залуу “5000 задлахгүй биз, 5000 задлаад өгөөч, 5000” хэмээн олныг залхааж орхив. Хөөрхий залуу 5000-ыг нь 500-таар задалсан хэнбэ гуайг ч авралын одоороо “залах” нь холгүй харагдана.

БУДИЛСАН ИРГЭД ОЛОН БАЙНА

Цахим карт авсан иргэдэд асуух, тодруулах, гомдоллох олон асуудал бий. Үүнд хариулт өгч, асуудлыг нь шийдвэрлэх төв ч бас бий. “Улаанбаатар” шилэн банкны гурван давхарт “Иргэдэд үйлчлэх төв” байрлаж байна. Өөрийн биеэр, эсвэл төвийн 78 11 12 89 дугаарын утсаар иргэд цахим карттай холбоотой асуудлаа шийдвэрлүүлж болно. Энэ төвд хоёр оператор ажиллана. “Өдөрт 10, 20 байтугай олон иргэдэд үйлчилдэг” хэмээн оператор Э.Цэнджав хэлэв. Ялангуяа цахим систем нээлтээ хийснээс хойш тус төвд хандах иргэд эрс ихэсчээ.

“Хорооноосоо ахмадын картаа өчигдөр авсан. Өнөөдөр уншуулах гэтэл ажиллахгүй байна” гэсээр Хан Уул дүүргийн иргэн тус төвд иржээ. Иргэдийн хувьд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картаа хорооны халамжийн ажилтнаасаа авна. Ингэхдээ 3600 төгрөгийн төлбөр, цахим үнэмлэхийн хамт авчрах юм.

Шинэ юмыг далимдуулж “цавчаа” хийх гэсэн мэр сэр кондукторууд ч гарч иржээ. Оператор М.Гэрэлчимэг “Хөнгөлөлттэйгөөр зорчдог халамжийн нэгэн эгчийн карт нь болохгүй байсан. Гэтэл кондуктор нь картыг шууд хураагаад мөнгө нэхсэн асуудал гарсан. Иймэрхүү байдлаар халамжийнхныг дээрэлхэх гэсэн үзэгдэл бий” гэв. Тус төвд доорх асуулт нийтлэг ирж байна.

-Хөнгөлөлттэй зорчих картыг хаанаас авах вэ?

-Иргэд картыг өөрт ойрхон автобусны буудал дээрх ТҮЦ-ээс авна. Цэгүүдийг ЭНД-ээс харна уу.

-Буухдаа картаа уншуулахад нэмж мөнгө хасагдах уу?

-Буухдаа уншуулахад мөнгө хасагдахгүй.

-Буухдаа картаа уншуулах нь ямар учиртай вэ?

-Одоогоор зөвхөн тухайн иргэний автобусанд суусан, буусан цагийг илтгэхийн тулд буухад картыг уншуулж байна. Удахгүй урамшууллын систем нэвтэрч эхэлнэ. Тухайлбал, 30 минутад сэлгэн суухад үнэгүй. Тиймээс иргэд дамжин суухдаа урамшуулал эдлэхийг хүсч байгаа бол буухдаа картаа уншуулах хэрэгтэй юм. Гэхдээ энэ урамшуулал ирэх 15-наас хэрэгжиж эхэлнэ.

-Картаа хаявал яах вэ?

-Халамжийн иргэдийн хувьд хороонд хандаж болно. Харин энгийн иргэдийн хувьд ямар нэг бүртгэлгүй учраас ямар ч боломжгүй. Олсон хүний олз болохоос өөр аргагүй.Гэхдээ энэ бүгдийг боловсруулахаар ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ зохицуулалтаа хийж дуусаагүй гэх энэ хугацаанд иргэд энэ мэтчилэн хохирсоор байх уу? Олон улсад аль хэдийн нэвтэрсэн гэх нийтийн тээврийн шинэчлэлтэй хөл нийлүүлэх гэж нийслэлчүүд ингэж л хөгөлж явна. Харин энэ зуур өнөө албаныхан нь юу хийж суугаа бол?

“ХУРАЛДСААР ХУРАЛДСААР”

Нийслэлийн Тээврийн газрыг зорив. “Яг наад асуудлаар чинь хуралдаж байна” гэх үгээр ам таглав. Тэд наймдугаар сарын 15-наас шинэ маршрут гаргаж, картын ажиллагааг албан ёсоор жигдрүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

Санаж байгаа бол өнгөрсөн зун автобусны маршрутыг богиносгож, хотын зах руу явах бол хэд хэдэн удаа дамжих туршилт хийсэн дээ. Үүнийг 15-наас албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Автобуснуудын шугамын давхардлыг арилгаж, хий эргэлтийг болиулах, замын түгжрэлийг бууруулах зорилготой хэмээн шинэ төлөвлөлтөө тайлбарлав. Ингээд 15-наас шинэ маршрутад шилжсэн тохиолдолд иргэдийг цахим картжуулах ажил эрчимтэй үргэлжлэх юм байна. Бэлэн мөнгөөр зорчдог иргэдийн төлбөрийг 500-аас илүү байх зэргээр зохицуулах асуудал яригджээ. Нийслэлийн Тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Болд “Картаар зорчвол 500 төгрөг. Бэлэн мөнгөөр бол 600-800 төгрөг хураах зэргээр зохицуулах асуудал яригдаж байна. Гэхдээ албан ёсоор шийдэгдээгүй. Ямар ч байсан 15-наас цахим картжуулах ажлыг эрчимтэй хийнэ” гэв.

“ОЛСОН ХҮНИЙ ОЛЗ”

Нийтийн тээвэрт шинэчлэл эхэлсэн ч одоогоор зохицуулалт хангалтгүй л байна. Наад зах нь иргэд цахим картаа хаяж үрэгдүүлбэл яах вэ? Банкны карт бол тухайн банк руугаа утасдаад гүйлгээгээ хаалгана. Гэтэл энэ карт ямар ч бүртгэл, сериал байхгүй. Тиймээс цэнэглэсэн картаа хаясан тохиолдолд ямар ч аргагүй юм. “Улаанбаатар Смарт карт” компанийн ерөнхий захирал Со Сонь Ү “Иргэд бэлэн мөнгөө хаявал яадаг билээ. Эргээд түүнийгээ хаалгана, хүчингүй болгоно гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, олсон хүний олз болдог. Түүнтэй адилхан” гэв. Харин цаашид иргэдийг бүртгэлжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн тохиолдолд л үүнийг хянаж болно. Гэхдээ тэр нь хэзээ гэдэг тодорхойгүй.

Тэгвэл зохицуулалт хийх, эмх журмандаа орох хүртэл иргэд иймэрхүү байдлаар хохирсоор байх уу?

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Энэ ажлыг төгс болгоход асуудал их бий. Наад зах нь автобус компаниуд бэлэн мөнгөтэй харьцсаар өдийг хүрсэн. Гэтэл энэ байдал нь гэнэт өөрчлөгдчихлөө. Тэгэхээр тухайн автобус компаниудтай ойлголцох зэрэг олон ажил бий. Гэхдээ энэ сарын 15 гэхэд цэгцэрнэ. Харин ч бид энэ ажлыг хурдан амжуулж байна. БНСУ л гэхэд бэлтгэлээ хангах гэж багагүй хугацаа зарцуулсан юм билээ” гэв.

Ямартай ч улаанбаатарчууд нийтийн тээврийн тал дээр олон улстай мөр зэрэгцсэн хэмээн албаныхан ам нэгтэй хэлж, дор бүрнээ додигор сууна. Гэвч санаа амрах болоогүй. Уламжлалт сэтгэлгээгээр, хуучны хэв маягаар явсаар ирсэн иргэдийн хувьд алхам тутамд нь ийнхүү хүндрэл үүссээр байна. Иргэдийг хүндрүүлсэн энэ мэт асуудал олон бий. Цаашид ч жижиг гэлтгүй олон асуудлууд зохицуулалтаа хүлээсээр л…

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж