Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд шүүх байсан ч хойшлуулжээ.
Л.Гансүхийн өмгөөлөгч н.Цэндсүрэн ирээгүй гэдэг шалтгаанаар 14 хоног буюу энэ сарын 17-ны өдрийг хүртэл шүүх хурал хойшилсон байна.
Л.Гансүх нарын арван хүнийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Улмаар хэргийг шалгаж дуусаад “MGLSBD” компанийн захирал, Л.Гансүхийн туслах Н.Даваахүү, Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд болох “MGLSBD” компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа, Л.Гансүх нарын гурван хүнийг төрийн албан тушаалтан хүн албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт буруутай байж болзошгүй хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн билээ. Харин прокурор хэргийг хянаж дууссанаар шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
Д.УУДАМ