&#34Ийм талбай Дэлхийд ховор байдаг&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

&#34Ийм талбай Дэлхийд ховор байдаг&#34

Ази тивд анх удаа болсон чөлөөт нислэгийн загварын ДАШТ-ээс манай улс анхны алт, мөнгөн медалийг авлаа

Чөлөөт нислэгийн загварын 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар боллоо. Ази тивд анх удаа болсон нисэх загварын чөлөөт нислэгийн ДАШТ-д Япон, Өмнөд болон Хойд Солонгос, БНХАУ, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 36 орны 300 гаруй тамирчид оролцон, ур чадвараараа өрсөлдсөн юм. Тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр(VIII.02) Цонжин болдог Чингисийн хөшөөний урд талбайд боллоо. Энэ үеэр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн гурван төрөл болох F1A, F1B, F1C ангилалын шагнал гардуулах ёслол болсон юм. Манай улсын хувьд энэхүү тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахдаа нисэхийн спортын анхны дэлхийн аваргатай болж, мөн багийн анхны медалийг хүртлээ. Тодруулбал, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Мижиддоржийн Гонгор резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд 21 орны тамирчдыг ардаа орхиж, дэлхийн аварга цолыг хүртсэн бол хугацаат нислэг буюу F1C ангилалд Монгол Улсын баг мөнгөн медаль авлаа. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Эрдэнэбат, ОУХМ Т.Хишигбат, спортын мастер Э.Намдүү нар багтсан юм.

Ангилал бүрийн аварга Эяал Гэлор (Израиль), М.Гонгор (Монгол), Вчислав Александров (Украин).

 

Тэмцээний дүн:

Огторгуйн буюу F1A ангилал: (33 орны 76 тамирчин)

Алтан медаль: Израиль улсын тамирчин Эяал Гэлор – 2063 оноо

Мөнгөн медаль: Босни улсын тамирчин Энис Пэцэнковик – 1999 оноо.

Хүрэл медаль: Румын улсын тамирчин Сзилард Сижжарто 1997 оноо.

 

Резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилал: (22 орны 75 тамирчин)

Алтан медаль: Монгол Улсын тамирчин Мижиддоржийн Гонгор -2040 оноо.

Мөнгөн медаль: Украин улсын тамирчин Степан Стефанчук – 2000 оноо.

Хүрэл медаль: Украин улсын тамирчин Олег Кулаковский – 1996 оноо.

 

Хугацаат нислэг буюу F1C ангилал: (19 орны 45 тамирчин)

Алтан медаль: Украин улсын тамирчин Вчислав Александров – 2220 оноо.

Мөнгөн медаль: Австрали улсын тамирчин Ройё Саммерсбая – 2187 оноо.

Хүрэл медаль: БНХАУ-ын тамирчин Юун Гао – 2077 оноо.

VI байр: ОУХМ Э.Эрдэнэбат – 1954 оноо.

Багийн дүнгээр:

F1A: 1.Израиль, 2.ОХУ, 3.Франц.

F1B: 1.Украин, 2.Чех, 3.Польш.

F1C: 1.БНХАУ, 2.Монгол, 3.Их Британи улс тус тус шалгарлаа.

Хугацаат нислэг буюу F1C ангилалд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын баг тамирчид. Шигшээ багийн дасгалжуулагч Ж.Адилбиш, ОУХМ Э.Эрдэнэбат, ОУХМ Т.Хишигбат, спортын мастер Э.Намдүү.

1910 онд анх нисэх загварын спортын тэмцээн зохион байгуулагдсанаас хойш Европын орнуудад хоёр жил тутамд болдог уламжлал тогтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах орныг хоёр жилийн өмнө сонгодог. Энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй Монголын нисэх загварын спорт мөн Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг байгуулагдаад 17 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед 100-аад жилийн түүхтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог болсон юм.

Чөлөөт загварын 2015 оны ДАШТ-ийг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн агаарын спортын холбоо, Монголын агаарын спортын холбоо, Монголын Залуучуудын холбоо, Налайх дүүргийн ЗДТГ, Төв аймгийн ЗДТГ, ЗХЖШ, Батлан хамгаалах яам, ОБЕГ, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, хувийн хэвшлээс "Скайтел", "Скайнетворкс", Женко групп, БОСА катеринг, Витсамо, Говь ХХК, Миг даатгал "Грийн химистри" зэрэг компани аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлэн оролцсонд талархаж байгаагаа зохион байгуулагчид дурдлаа.


Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр хүндэт зочид, тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Ян Кайнес: ТЭМЦЭЭН БОЛДОГ ТАЛБАЙ ЧУХАЛ БАЙДАГ ТУЛ ЭНЭ БОЛОМЖ МОНГОЛД САНАА ЗОВОЛТГҮЙ ЮМ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:

“ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авна гэдэг бол хэцүү. Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын эрхийг авахын тулд манай тамирчдын олон жилийн уйгагүй хөдөлмөр байлаа. Монгол Улсад чөлөөт нислэгийн загварын агаарын спортыг хөгжүүлэхэд зүтгэж ирсэн олон тамирчдын маань хүч хөдөлмөрийн маань үр дүнд Ази тивд анх удаа ДАШТ-ийг зохион байгуулж чадлаа. Хамгийн гол нь энэхүү ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж, бас Монгол Улс анхны нисэх загварын дэлхийн аваргатай боллоо. Мөн багийн төрөлд Монгол Улсын баг мөнгөн медаль хүртлээ. Энэ бүгд маань урам зориг өглөө. Өнгөрсөн жилийн хэмжээнд Монгол Улсын хэмжээнд 100 гаруй агаарын чөлөөт нислэгийн спортын клубүүдийг ажиллуулсан байдаг. Энэ клубүүдээр дамжуулан дараа үед сайн тамирчдыг, технологийн инженерүүдийг гаргах боломж нээгдэж байгаад баяртай байна. “Авьяас” хөтөлбөр хэрэгжээд гурван жил болж байна. Энэх хугацаанд олон инженерүүдийг бэлтгэж гаргах чиглэлээр олон зуун клуб ажилласан. Тэр дундаа агаарын спортын чиглэлийн 100 клубын ажлын үр дүн их байлаа. Энэ бол шинэ үеийн агаарын спортын хичээллэгчдийг гаргаж ирж байгаа нь хашир туршлагатай олон жил зүтгэсэн хүмүүст маш их урах өгч байна. Тийм учраас ДАШТ-ийг зохион байгуулж болох юм байна, дэлхийн аваргатай болох боломж байна гэдгийг харууллаа. Цаашдаа бид энэ спортыг Монгол Улс Ази тивд хүчтэй өрсөлдөгч, тэр дундаа тэргүүлэгч болж болохыг тамирчдын амжилт харууллаа. Монголын салхи бол өөр. Тийм учраас манай улсын байгалийн энэ онцлог маань чөлөөт нислэгийн спортыг шинэ шийдэлд гаргах, улам бодол төрүүлэх энд ирсэн дэлхийн 35 орны 250 гаруй тамирчдад өгч чадлаа гэдгийг харлаа. Дараа дараагийн тэмцээнд манай шинэ үеийн тамирчид цахиур хагалж, амжилттай оролцоно гэдэгт найдаж байна.” гэсэн юм.

 

 

Дэлхийн агаарын спортын холбооны ахлах шүүгч Ян Кайнес:

-Дэлхийн агаарын спортын холбооны ахлах шүүгчийн хувьд олон оронд тэмцээн уралдаан зохион байгуулсан туршлагатай болсон. Харин манай улсад болсон тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Монголд болсон тэмцээн үнэхээр гайхалтай байлаа. Энэ тэмцээн Монголд төдийгүй Ази тивд анх удаа болж байгаагаараа ихээхэн онцлог болж байна. Тэмцээний уур амьсгал, талбай бол өндөр түвшинд байсан. Тэр дундаа тэмцээн болсон талбай бол дэлхийд ховор байдаг талбайнуудыг нэг байлаа. Цаг агаарын хувьд өдөр бүр өөр өөр байсан болохоор энэ нь тамирчдын ур чадварыг харуулж чадлаа.

-Нисэх загварын ДАШТ Ази тивд анх удаа боллоо. Харин энэ хугацаанд хамгийн олон дэлхийн орон оролцсон тэмцээн хэзээ болж байсан бэ?

-Чөлөөт нислэгийн ДАШТ-ий хувьд хоёр жил тутамд нэг удаа болдог. Бид тэмцээнийг зохион байгуулах орныг хоёр жилийн өмнө сонгодог. Танай улсын хувьд ДАШТ-ийг зохион байгуулахын тулд Итали, Серб гэсэн гэсэн улсуудтай өрсөлдөж байсан. Үнэхээр өндөр зохион байгуулалттай болсныг дахин дахин хэлмээр байна. Энэ удаагийн ДАШТ-д 36 орны тамирчид оролцлоо. Харин хоёр жилийн өмнө буюу 2013 оны ДАШТ Франц улсад болсон. Тэнд 39 орны тамирчид оролцож байсан.

-Таны хувьд нисэх загварын спорттой хэдэн жил холбоотой байна вэ?

-Би Англи улсын иргэн. Хүүхэд байхаасаа эхлэн энэ спортоор хичээллэж байсан. Бараг 60 жил нисэхийн спорттой холбоотой байна. Би бүх төрлүүдээр хичээллэдэг байлаа.

Монголын тамирчид, бас энэхүү спортыг сонирхдог үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Та бүгдийн хийсэн зүйл супер байлаа. Хамгийн сайн ажил хийсэн хүмүүсийн дунд цаг хянагч нарыг нэрлэх байна. 100 гаруй шүүгч ажилласан. Тэд бүхэл өдрийн турш цаг агаарын хүнд нөхцөлд сайн ажилласан. Мөн бүх тамирчидадаа спортын өндөр стандартыг барьж, тэмцээндээ оролцсонд талархаж байна. Би хувийн зүгээс нэг зүйлийг онцлон хэлмээр байгаа. Энэ тэмцээнд 50 гаруй жил ирж байгаа тамирчдыг таниж байна. Олон хүнд талархмаар байна. Мөн тэмцээнд оролцсон бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна. Бид 2017 онд Унгарт болох ДАШТ-ийг хүлээж байна. Тэнд эргэн уулзацгаая.


Израилийн баг тамирчид.

Израилийн багийн менежер Куарлик Шмул:

"Бидний төсөөлж байснаас өөр байлаа. Цаг уурын байдал үнэхээр таалагдлаа. Танай улсын байгалийн сайхан их гайхалтай байлаа. Энэ удаагийн тэмцээнд манай баг F1A ангилалд багаараа түрүүлж, бас ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртлээ. 1978 онд бид анхны дэлхийн аварга болж байсан. Мөн бидний ДАШТ-с авсан амжилт бол бусад орнуудаас тэргүүлж, нэгдүгээр байрт бичигдлээ. Энэ бол түүхэн чухал үйл явдал боллоо гэж бодож байна. Европ болон ДАШТ-д бид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог. Төрөл бүр дээр гурван шилдэг тамирчид өрсөлдлөө. 1999 онд Израиль улсад ДАШТ болж байсан. Харин энэ жил танай улсад ирээд сэтгэл өндөр байна. Бас бидний амжилт ч өндөр байлаа." гэсэн юм.

Тэмцээний дүнгийн мэдээллийг http://ffmongolia2015.mn-с аваарай.

Үргэлжлэл бий.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж