Ардчилалд маань “update” хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.08.02-нд нийтлэгдсэн

Ардчилалд маань “update” хэрэгтэй

-“Хаан шалдан байна” гэж 25 жилийн өмнө хэлж чадсан хүмүүсээс одоо монголчууд “бид шалдан байна” гэж хэлэх зоригийг хүлээж байна-

Анхны ардчилсан сонгууль явагдаж, монголчууд ардчилсан төр засгаа эмхлэн байгуулсаны 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. 1990 оны долдугаар сарын 29-нд шинэ цагийн монголчууд төр түшиж чадах зөв хүн гэж таньж мэдсэний үндсэн дээр саналаа өгсөн. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст монголчууд сонгууль гэдэг зүйлийг мэддэг, сонгууль товлосон өдөр очиж, хэн нэгний төлөө саналаа өгөх үүрэгтэй гэдгээ мэддэг байсан. Гагцхүү энэ санал нь өөрийн итгэл үнэмшил, оюун ухаанаар цэгнэж гаргасан шийдэл биш харин улс төрийн нэг намын “сонго” гэсэн хүнийг л сонгож байсан. Үүний эсрэг явсан хүнийг үр удмаар нь нийгмийн дайсан хэмээн үзэж, гадуурхаж, ахуй амьдрал, амьдрах орчингүй болгож байсан бараан цаг үе. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын ачаар Монголд хүмүүс үзэл бодлоороо хэсэг бүлэг болон нэгдэж болно, энэ үзэл бодлоо нийгэмд, бусдад тунхаглаж болно гэдэг эрх чөлөөг олж авсан. 1990 оны долдугаар сарын 29-ний өдрийн сонгууль бол чухамхүү үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс “бид улс орондоо эзэн байж, монголчуудаа сайхан амьдруулж чадна, тиймээс бидний төлөө саналаа өг” хэмээн уриалж, сонгууль гэдэг бол улс төрийн нэг намын дэглэсэн жүжиг биш гэдгийг харуулсан өдөр. Тийм ч учраас энэ өдрийг монголчууд өөрсдөө төрөө төвхнүүлсэн түүхэн өдөр гэдгийг өчигдөр болсон Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралд үг хэлсэн эрхмүүд тодотгосон.

1990 оны сонгууль бол цэвэр ариун сонгууль байсан, яагаад гэвэл тэр үед хэнд нь ч авах ч юм байгаагүй, өгөх ч юм байгаагүй” хэмээн анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн өчигдөр хэлсэн үг үнэхээр онож хэлсэн үг. Энэ үгийг өнөөгийн байдалтай харьцуулж үзэхэд бидний дараагийн 25 жилийн дүр зураг тодрох учиртай.

1990 оны сонгууль бол цэвэр ариун сонгууль байсан, яагаад гэвэл тэр үед хэнд нь ч авах ч юм байгаагүй, өгөх ч юм байгаагүй хэмээн анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн өчигдөр хэлсэн үг үнэхээр онож хэлсэн үг. Энэ үгийг өнөөгийн байдалтай харьцуулж үзэхэд бидний дараагийн 25 жилийн дүр зураг тодрох учиртай. 1990 онтой харьцуулахад өнөөдөр монголчууд авах ч юмтай, өгөх ч юмтай болсон нь үнэн. Авах, өгөх юмтай болохын хэрээр 25 жилийн өмнө байсан шиг цэвэр ариун хүсэл зориг хаа нэг тийш замхран алга болоод байгааг ч баярын өдөр харамсан хэлэх хүн олон байна. Их эзэн Чингисийн “морин дэл дээр дэлхийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх амаргүй” гэсэн үгний жинхэнэ утгыг тайлах цаг ирсэн гэдгийг битүү хатуугаар өчигдөр үг хэлсэн хүмүүс санууллаа. Ардчиллаа тордох, хайрлах, арчлах хэрэгтэй гэдгийг одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн. Ардчилалд маань “update” хэрэгтэй байна. “Хаан шалдан байна” гэж 25 жилийн өмнө хэлж чадсан хүмүүсээс одоо монголчууд “бид шалдан байна” гэж хэлэх зоригыг хүлээж байна. Нэр дэвших, тойрог хуваарилах үйл явц зөвхөн халаасан дахь мөнгөний хэмжээнээс хамаардаг болсон, сонгогчдын саналыг урвуулахын тулд хар цагаан пиар баруун солгойгүй нүддэг, өрсөлдөгчөөсөө илүү амлах марафонд тэргүүн эгнээнд гүйдэг, хийхээсээ илүүтэй хийх мөрөөдлөө ярьдаг, албан тушаалыг өмчилдөг гээд 25 жилийн өмнө байгаагүй бараан үзэгдлүүд биднийг шалдан болгож байгаа.  

Баярын энэ өдөр бас нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Энэ бол ардчиллын ой санамж. Залуу үе маань энэ ардчилсан нийгэм Монголд маань төрмөл байсан хэмээн итгэдэг болж. Юу бодох, юу ярих, юу өмсөх, юу унших, юу үзэхийг зааж сургадаг байсан, хувьдаа ганц өнчин ишгийн мэдэлгүй, цалингаас өөр орлогоор амьдарч болохгүй, архи ууж, тамхи татаж нийгмийн хэв журам алдагдуулсаны төлөө хамт олны хурлаар орж донгодуулдаг байсан, нэг л телевизийн сувагтай, тэр нь орой 18.00 цагаас үдшийн 23 хүртэл суртал ухуулга явуулдаг, сонинд нийтлэгддэг бүх мэдээг МАХН-ын мэдэлд байдаг Утга зохиолыг хянах газар гэгч байгууллага хянаж зөвшөөрөл өгдөг байсан, бохь гэдэг зүйл ховрын ховор бараа байсан, кока кола, жинсэн өмд гэдэг зүйлийг хэрэглэж үзэх нь битгий хэл гадаадад сурдаг оюутнуудын авчирсан сэтгүүлээс л барааг нь хардаг, жирийн иргэд жирийн дэлгүүрээр үйлчлүүлж, дарга нар тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан гэдгийг өнөө үеийн залуучуудад ярихад хуучин цагийн кино ярьж байна гэж боддог болж. Одоо байгаа нийгэм маань өвөө эмээ, аав ээжийнх нь тэмцэл байсан, энэ олж авсан боломжоо хамгаалах ёстой гэдгийг ой санамжинд нь зориудаар суулгаж, save-лэх хэрэгтэй болжээ. Ардчиллыг өөрийн хөрсөнд нутагшуулах үйл явц үргэлжилсээр байгаа. Тэгвэл залуу үедээ ардчиллын ой санамж суулгаж өгөх нь хавар болгон монголчуудын тарьдаг зулзган модтой л адил. Таван жилийн дараа, арван жилийн дараа зулзган мод ургаж, биднийг хүчилтөрөгчөөр хангадаг шиг өнөөдөр суулгасан ой санамж таван жилийн дараа, арван жилийн дараа дахин ардчиллын зулзган модыг нахиалуулах болно.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж