Зүүн бүсийн даншигт Ш.Мөнгөнбаатар түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн даншигт Ш.Мөнгөнбаатар түрүүлжээ

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 73 жилийн ой, Зүүн бүсийн “Их хурд” наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 128 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн арслан Б.Номиндалай үзүүрлэлээ. Мөнххаан сумын харьяат Улсын начин Б.Батжаргал, Улсын начин н.Гансүх нар шөвгийн 4-т үлдэж шөвгөрсөн байна.

Зүүн бүсийн наадамд УИХ-ын гишүүн, Монгол Улсын  дархан аварга Б.Бат-Эрдэнэ очиж хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ “Зүүн бүс нутгаас энэ жил улсын наадмыг түрүүг авч, мөн улсын начин төрсөн сайхан жил байлаа. Цаашид ч олон сайхан залуу бөхчүүд гарч ирж байна. Тэдэндээ сайн  барилдаж, нутгийн олон, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн сайхан амжилтуудыг үзүүлээрэй гэж захья ” хэмээн онцолж байв. Зүүн бүсийн бөхчүүдийн залгамж халаа болон сүүлийн үед амжилттай сайн барилдаж буй  залуусын нэг,  Зүүн бүсийн “Их хурд-2015” наадмын хүчин бөхийн барилдаанд үзүүрлэсэн аймгийн арслан Б.Номндалайтай цөөн хором хөөрөлдлөө.

Зүүн бүсийн “Их хурд” наадам, нутгийнхаа дэвжээн дээр  урамтай сайхан барилдаж үзүүрлэсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Намайг дэмжиж байдаг нутгийн ахан дүүс, багш нар, “Жавхлант шарга” дэвжээний хамт олон болон аав, ээждээ баярлаж байна. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэж хэлье дээ.

Энэ жилийн улсын наадамд зодоглосон байх аа?

-Улсын наадамд нэг давж, хоёрын даваанд унасан.

Ингэхэд  бөхийн спортоор хэдэн жил хичээллэж байна?

-Дунд сургуулийн гуравдугаар ангид байхдаа  үндэсний бөхийн спортыг  сонирхон хичээллэж эхэлснээс хойш   “Аварга” дээд сургуулийн дэргэдэх лицейд орж, чөлөөт бөхөөр хичээллэж, улмаар  улсын шигшээ багийн тамирчин болж, түүнээс хойш спортын  хүн болоод явж байгаа. Энд бас олон хүний дэмжлэг, туслалцаа бий.

Нутаг хаана вэ. Анхны багш хэн билээ?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумд төрж өссөн.  Сумын арван жилийн  сургуулийн биеийн тамирын багш Д.Ганбаатарын удирдлагаар анх бөхийн спортоор хичээллэсэн.

Удам дагаж бөх болдог гэлцдэг. Танай удамд бөх бий юү?

-Ээжийн аав, миний өвөө аймгийн арслан Д.Чимэддорж гэж хүн бий. 1967 онд аймгийнхаа наадамд түрүүлсэн гэнэ лээ.

Хаана, хэний удирд­лагад бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?

– Улсын начин Б.Адъяахүү багшийн удирдлагад үндэсний  бөхийн дасгал, сургууль  хийдэг. Мөн Сүхбаатар аймгийн бөхчүүдийн “Жавхлант шарга” дэвжээ  гэж бий. Тэнд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн арслан Баярхүү багшийнхаа удирдлагад бэлтгэл хийдэг юм.

Их Монгол Улсын 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор санагдана, улсын наадмын  өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлэхэд чинь “Түрүүлчихээд туг тойрч явахад юу бодогдох юм” гэж асуухад “баярлаад, сандраад байсан” гэж билээ. Зүүн бүсийн наадамд үзүүрлээд туг тойроход юу бодогдсоныг асууя?

-Баяр хүргэж, амжилт хүссэн олон хүнийг хараад хичээх юм шүү гэж бодсон.  Цаашид  сайн барилдаж, нутаг усныхан, наадамчин олноо улам олон баярлуулах сан гэх бодол төрж байна.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж