Европын холбооны өмнөд ба хойд нутгийн эдийн засгийн байдал зөрүүтэй байгааг харуулж байгаа нэг шинж тэмдэг нь урт хугацааны ажилгүйдлийн төвшин болж байна.
Сүүлийн зургаан жилийн дотор Европт ажилгүйдэл мэдэгдэхүйцээр нэмэгдэв. Европын 25 сая ажилгүйчүүдийн армийн тал хувь нь жилдээ багтан ажилд орж чадахгүй байгаа бөгөөд тэдний 12 хувь нь дөрвөн жилээс дээш хугацаанд ажилгүй байна. Ажилгүйдэл нь ядуурлыг нэмэгдүүлж байгаагаас ажил хөдөлмөргүй хүмүүсийн байдал жилээс жилд хүндрэх аюултайг байгааг судалгаа харуулжээ.
Урт хугацаанд ажилгүй байсан хүмүүс дадал, туршлагаа алдахын зэрэгцээ тэдний сэтгэл үймрэх нь их болдог. Үйлдвэрлэлийн чадвар нь бууж, эрүүл мэндээр доройтдог. Одоо энэ цуврал асуудлуудыг бүтцийн шинжтэй болгохгүй байх нь Европын лидерүүдийн гол үүрэг болж буй.
Өмнөд хязгаарын орнууд нэлээдгүй хүнд байдалтай, хүмүүс урт хугацаагаар ажил олж чадахгүй харин Хойд хязгаарын орнуудад байдал эсрэгээр байгааг Economist сэтгүүлийн гаргасан инфографикаас харж болно.
Герман, Нидерланд, Австри, Британи зэрэг орнуудад ажилгүйдлийн төвшин 2008 онд эрс нэмэгдсэний дараа жил дараалан буурч ирэв. Нийгмийн албадын үр дүнтэй ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн уян хатан ажилбар зэргийн улмаас урт хугацааны ажилгүйдлийн төвшин мөн л буурч байна.
Испани, Итали, Португали, Грек болон Балканы хойгийн орнууд хатуу хэмнэлтийн бодлого, ажилгүйдэлтэй тэмцэх хоёрыг нэгэн зэрэг явуулах чадваргүй. Учир нь урт хугацаагаар ажил олж чадахгүй байгаа хүмүүсийн дийлэх нь төсвийн алдагдлыг багасгах гээд хийсэн шинэчлэлээр халагдсан төрийн албан хаагчид юм.
Ирээдүйдээ итгэл алдсан ажилгүйчүүдийн армийн хүмүүс нь хэт даврагч үзэл санаа, гэмт хэргийн үржил шимтэй хөрс юм. Түүгээр ч барахгүй эдгээр хүмүүсийн тоо зарим оронд сонгуулийн үр дүнд нөлөөлөх тийм төвшинд очоод байна. Шаардлагатай нөхцөлд “эдийн засгийн хатуу арга хэмжээ” эсвэл сонгогчдын хоорондын сонголтыг хийхээр олон намын удирдлага Европын интеграцийн цаашдын үйл ажиллагаанаас татгалзан популист арга хэмжээ эсвэл үндэслэлгүй амлалтын замд орж магадгүй байдлыг ажилгүйчүүдийн арми үүсгээд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР