-Ази тивд анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монгол Улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Мижиддоржийн Гонгор резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд дэлхийн аварга боллоо. Мөн тэрээр нисэхийн спортын анхны Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирлаа-
Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын тамирчин Мижиддоржийн Гонгор алтан медаль хүртэж, анхны дэлхийн аварга цолыг хүртлээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилал өчигдөр явагдсан бөгөөд 29 орны 77 тамирчин өрсөлджээ. 7 нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авсан. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ. Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
Дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид 2007 оноос эхлэн оролцож эхэлжээ. 2009 онд Хорват улсад болсон ДАШТ-д багаараа орж, амжилтаараа 42 орноос 16 дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг хувийн амжилтаараа IV байрт шалгарч байжээ. Мөн 2013 оны Францад болсон ДАШТ-ий резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа IV байрт орсон байна. Харин Ази тивд анх удаа чөлөөт нислэгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй манай улс дэлхийн аваргын анхны медаль, анхны аваргатай боллоо.
Нисэх спортын анхны дэлхийн аварга ОУХМ Мижиддоржийн ГОНГОР. Фотог www.facebook.com/db.buyana
Чөлөөт нислэгийн ДАШТ маргааш өндөрлөнө. Өнөөдөр ДАШТ-ийн үндсэн гурван төрлийн сүүлийнх нь болох хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн болох бол маргааш чөлөөт нислэгийн холимог "Миксмэн” тэмцээнээр өндөрлөнө.
Тэмцээний хаалтын ажиллагаа ням гаригт Цонжин болдог Чингисийн хөшөөний дэргэд болох юм.
Монголын шигшээ багийн тамирчид.
Тэмцээний хуваарь:
VII.31 (Баасан, Налайх дүүрэг, Дархан ноёны худаг)
- F1C ангилал
VIII.1 (Бямба)
- F1C ангилалын финал.
- Чөлөөт нислэгийн холимог "Миксмэн” тэмцээн.
VIII.2 (Ням, Цонжин болдог Чингисийн хөшөө)
- 18.00 цагаас тэмцээний хаалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа.
Чөлөөт нислэгийн ДАШТ-2015-ын албан ёсны сайт: http://ffmongolia2015.mn
Ч.БОЛОР