Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлэхээр ирсэн их аварга Хакүхо М.Даваажаргалын найр, наадам өргөн дэлгэр болжээ.
Энэ ёслолыг тохиолдуулан мэргэжлийн сүмод хүч үзэж буй олон бөхчүүд эх орондоо ирээд байна. Тэднээс хамгийн их анхаарал татаж буй нь монгол сүмочдын анхдагчдын нэг, Монгол Улсын Гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням юм.
Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Нагоя башёд мэргэжлийн сүмогийн дэвжээн дэх сүүлийн барилдаануудаа хийж, зодог тайлах болсноо зарласан Кёкүтэнхо энэ удаа эх орондоо эхнэр, хүүхдүүдийн хамт ирээд байна.
Түүгээр зогсохгүй гурван хүүхдийн аав, ээж болсон хосууд “Гэрлэх ёслолын ордон”-нд очиж, монгол заншлынхаа дагуу гэрлэх ёслол үйлджээ. Кёкүтэнхогийн эхнэрийг Кэйко гэдэг бөгөөд тэд гурван хүүхэдтэй аж.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Цэвэгням анх 1993 онд Японд очиж байсан юм. Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд 40 нас гартлаа дээд зиндаанд барилдсан хүн байдаггүй. Түүнчлэн монгол бөхчүүд мэргэжлийн сумогийн түүхэн амжилтуудыг янз бүрээр эвдэж байгаагийн нэг нь гурван жилийн өмнөх Н.Цэвэгнямын түрүү юм. Энэ үед тэрбээр хамгийн удаан хугацаанд барилдаж байгаа бөх болсноос гадна 38 настайдаа дээд зиндаанд түрүүлсэн анхны сүмоч болсон юм.
Мэргэжлийн сүмогоос зодог тайлахаа мэдэгдсэн Кёкүтэнхо одоо “Ошима” дэвжээгээ өвлөж, ояката болно. Энэ ч ирээдүйнхээ төлөө тэрбээр 2005 оны үед Японы иргэн болох шийдвэр гаргаж байсан билээ.
Гэрэл зургийг фэйсбүүк хуудаснаас ашиглав.
Б.ЭНХ