Түрээсийн орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүл, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм. 

Мөн 2013 онд орон сууц түрээсэлж амьдардаг 18 мянган өрх бий. Энэ тоо 2014 онд 22 мянга болж нэмэгджээ. Энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах шаардлага тулгарсан билээ. Тиймээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Эхний ээлжинд хөтөлбөрөө батлуулсан учраас түрээсийн орон сууц гэх ойлголтыг хуульд тусгах, хэн, хэрхэн хамрагдах зэргийг журамд оруулж боловсруулах асуудал үлдээд байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Барилга нийтийн аж ахуйн бодлогын газрын дэд дарга Р.Эрдэнэцэцэг хэлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн түрээсийн орон сууцыг бэлэн болгожээ. Түрээсийн орон сууц нь хороолол хэлбэрээр нэг дор босохгүй. Нийслэлийн орон сууцны хорооллуудын 2-3 байрыг түрээсийнх болгох юм. Хэмжээний хувьд 30 мкв-аас доошгүй байна. Харин түрээсийн орон сууцны төлбөр, хэн орох, хэрхэн хамрагдах асуудлыг удахгүй гарах журмаар зохицуулна. Ямартай ч түрээсийн орон сууцны төлбөр нь тухайн өрхийн орлогын 25 хувиас ихгүй байна хэмээн тооцоолжээ.

Одоогоор 100 айлын орчимд 300 айлын түрээсийн орон сууц бэлэн болсон. Мөн Баянзүрх дүүрэгт 1300 айлын түрээсийн орон сууцыг барьж байгаа юм. Энэ жилдээ багтаад 168 айлыг түрээсийн орон сууцанд оруулахаар төлөвлөжээ.

БЭЛТГЭСЭН Б.ЗОЛЗАЯА Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж