Жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ээлжит 11-р нэгдсэн чуулга уулзалт энэ жил Хятадын Бугат хотноо боллоо.
Энд Монголын талаас УИХ дахь Монгол-Хятадын хамтран ажиллах Ажил хэргийн Зөвлөлийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МҮХАҮТ-ын удирдлага, 13 аймгийн ХАҮТ-ын салбар Танхимын дарга нар, "Чингис шар айраг, "Говь", "МСМ", "Шинэ Монгол эрдэс", "Голомт", "Хасу Мегават", "Си Эф Си" групп зэрэг бизнесийн төлөөлөл оролцов. Энэ үеэр болсон олон улсын үзэсгэлэн-худалдаанд манай улсын хот, хөдөөгийн 86 компанийн төлөөлөл оролцож худалдаа хийж ганзага хоосонгүй ирцгээв.
Чуулга уулзалтаар гурван улсын ХАҮТ цаашид хамтран ажиллах талаар санамж бичиг шинэчлэн баяжуулж гарын үсэг зурсан юм. Цаашдын хамтын ажиллагаа бүс нутгийн болон хил орчмын худалдаанаасаа хальж, илүү олон улсын хүрээнд хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Тиймээс гурван улсын Танхимуудын хооронд үзэглэсэн Санамж бичгийг МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “Амьд санамж бичиг” хэмээн онцолж байсан нь оносон илэрхийлэл гэмээр.
Гурван улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа худалдаанаас цаашлан хамтарсан сургалт семинар зохиож нэг нэгнээсээ сурах зэргээр өргөжиж байна. Жишээ нь, энэ удаагийн чуулга уулзалтын үеэр АТА карнейг нэвтрүүлэх талаар Хятадын Худалдааг дэмжих хороо МҮХАҮТ-ын туршлагыг судлаж нэвтрүүлэхээр боллоо. Энэ талаар МҮХАҮТ хоёр ч удаагийн сургалтыг Эрээн болон Бугат хотод саяхан хийгээд байна.
Мөн МҮХАҮТ дээр хэрэгжиж буй Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим сонирхож, Монголын туршлагыг хэрэгжүүлэхээр болжээ.
М.СУРА