Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Буйдхан Буйр мину

-Их талд эн татсан гоёл хэмээн Буйр нуурыг зүйрлэмээр. Эх орны минь ганц усан хил гэдгээрээ Буйр бусадтай адилгүй. Эрэг юугаараа элс дэвсэн урьсан Буйр нуурын урсгал тун чиг  дөлгөөхөн, намуухан, ятгын аялгуу мэт яруухан ажээ- 

Орчин үед Монгол төдийгүй  хотожсон,  иргэншсэн болгонд тар­хи­ныхаа ядаргааг тал нутгаар тай­лах онош гараад байна. Тэр эмчил­гээг хийдэг газар дэлхий дээр ганц­хан үлдсэн. Тэр нь Дорнод Мон­голын хялганат тал нутаг. Цагаан зээрээр давалгаалсан онгон зэлүүд бай­галь. Үхтэлээ хамгаалж, үгүйрт­лээ хадгалж бай­мааж авч хоцрон өнөөдөр хүн төрөлхтөнд бэлэглэж буй Дорнын их тал минь юмсан.  Дээгүүр нь машинтай давхих нь байтугай гишгэхэд хиртэм орчлонд ганц хувь үлдсэн гудас билээ…

Нийтлэлч Ж.Гангаа ах одоогоос яг дөрвөн жилийн өмнө  сэрүүн тунгалаг ахуйдаа ийн тэрлэсэн нь тун чиг оносон зүйрлэл ажээ. Тал нутгийг ийн зүйрлэхээс аргагүй.  Нүүр, нүдэнд тулсан өндөр сүрлэг байшин, үелж давалгаалсан их уулсын дунд хориод жилийг үдэхдээ газар тэнгэр нь нийлэн харагдах ширээ шиг талаа тун чиг их үгүйлснээ нутгийн дээс алхахдаа л мэдэрсэн билээ. Гүвээ толгодын цаанаас гэнэтхэн л гийх миний нутаг. Гангаа ахын тэрлэснээс ганцхан өөр зүйл нь өнөөдөр Мэнэнгийн талд өнөөдөр зээр алга. Зээр хэмээх зэрлэг гөрөөс нүүдлийнх болоод тэр үү гэвэл бас үгүй бололтой. Мэнэнгийн талын урд үзүүрт сүүлийн хориод жил өрнөсөн газрын тосны их аяны хөлөөс гөрөөс, зээр ийн хулжаа юу хэмээн таамаглаж явлаа. Хүүхэд бага насанд хаана л бол хаана таардаг байсан зээрийн сүрэг өнөөдөр эрс цөөрчээ. Газар хөдлөв үү, их усан үелзэн долгиотов уу хэмээн андууртал тал дүүргэн бэлчдэг байсан зээрийн их сүрэг Мэнэнгийн талд таарсангүй. Түүнийг мэдсэн мэт Дорнод аймгийн ИТХ-ынхан аймгийнхаа логоноос зээрийн дүрсийг авч хаях шийдвэрийг саяхан гаргасан сурагтай. Чухам юуны учир ийн шийдсэнийг сонирхохыг ч хүссэнгүй. Юм бүхэн цаг үетэйгээ холбогддог болохоор зээр ховордмогц адалсан  мэт санагдсаныг нуух юун.

“Дээгүүр нь машинтай давхих нь байтугай гишгэхэд хиртэм” хэмээн дуу алдсан их тал өдгөө Дачин Тамсагийн 19, 21 дүгээр цооногийн ойролцоо халтартаж бохирдсоныг дурдалгүй орхиж боломгүй. Нефть олзворлох машинууд нэгэн хэмээр тонголзон бөхөлзөн ажиллахдаа хажуу бөөрөн дэх томоос том торх /ёмкость/-ыг торох юмгүй дүүргэх ажээ. Түүнийг нь хүнд даацын машинд юүлэн тээвэрлэхдээ  гишгэхэд ч харам тал нутгийг халтартуулж орхидогт нутгийнхан гомдолтой байна лээ.

Нүд чилээж, хараа цуцаам Мэнэнгийн талд ямар ч гарамгай жолооч зүүрмэглэдэг, учир нь тэнд мал ахуй, хот айлын бараа бөртийх ч үгүй гэж дээхэн үед тээврийнхэн өгүүлдэг байсан. Өнөө ч тэр л янзаараа. Нийтлэлч Ж.Гангаа ах “Их хотын түгжрэлд оочерлож яваад дас­чих­сан ихэнх жолооч Мэнэнд наран дунай болж цөх­рөнгөө бар­даг. Баарны дискон дээрээс чирч гар­гаад дуурийн театр руу түлхээд оруулчихсантай адил” хэмээн зүйрлэсэн нь хөгжилтэй боловч оносон. Таана мангир ханхалсан их тал урьдын адил урт холын аяны хүмүүсийг чилээн дүнсийнэ. Зам зуур хамар хатгах ногоогүй, намар оройн байгаль шиг шаргалтан үлдсэн Хэнтий, Сүхбаатар нутгийнхан нааш ирж энэ сайхан ногоон талд малаа идээшлүүлэхэд яана хэмээн өөрийн эрхгүй бодогдож байлаа. Гэвч зах хязгаар нь үл үзэгдэх тэр их талд малын байтугай хүний амны ус ховор гэх. Тэртээд мяралзах зэрэглээн дунд багахан нуур цөөрөм дуниартаж харагдах нь үнэн бодит зүйл үү, эс бөгөөс уран зэрэглээн бүтээл  үү гэдгийг эс мэднэ. Асуучихъя гэвч нутгийн зон тааралдсангүй. Харин хилийн цэргийн хэд хэдэн застав таарна. Хөдөө буйдханд тов хийтэл төвхнөсөн хилийн заставууд орчин цагийн техник хэрэгсэл, камерт хэдийнээ холбогдсоноо гайхуулах мэт ахлах албан тушаалтнууд нь  шалганы цэргүүдтэйгээ богино холбоогоор харьцан багагүйг асууж шалгаана.

Ийн олныг нуршин зам зуурын сонин дуулгаж байгаа маань хил хязгаар нутагт хясаан доторх сувд мэт нуугдсан Буйр нуурыг зорьсных билээ. Хүн бүхэн Хөвсгөлийг зорьж, хөдөө хээрт түгжрэл үүсгэсэн тэр л өдрүүдэд Буйрыг зорьсон нь буруудаагүй.  Их талд эн татсан гоёл хэмээн Буйр нуурыг зүйрлэмээр. Эх орны минь ганц усан хил гэдгээрээ Буйр бусадтай адилгүй. Эрэг юугаараа элс дэвсэн урьсан Буйр нуурын урсгал тун чиг  дөлгөөхөн, намуухан, ятгын аялгуу мэт яруухан ажээ.  

Зураглалд дүрсэлсэнчлэн их үдийн халуунтай зэрэгцэн адуун сүрэг нуураа зорин ирэх нь зуршил юм билээ. Харин хонь болоод тэмээн сүрэг бидэнтэй таараагүй юм. Хамгаас олноороо зочилсон хар галуун сүрэг харуусал төрүүлснийг хэлэхэд илүүдэхгүй. Буйр нуур загасаар баялаг ч сүүлийн жилүүдэд цөөрөөд байгаагийн шалтгаан хар галуу ч юм биш үү гэсэн хар төрснийг ч дашрамд дуулгая. “Хар галуу нь загасыг сүрэглэн дайрч агнадаг бөгөөд нэг шувуу өдөрт 3-5 кг загасаар хооллодог гэсэн судалгаа байдаг юм. Цаашид хар галууг өсч торнисны дараа бус өндөг байхад хагалах маягаар ангаахай болохоос нь өмнө түүж устгах нь илүү. Оросууд, буриадуудын туршлагаас харахад 2-3 жил дараалан устгал хийхэд хар галуу аяндаа дайждаг” гэсэн мэдээлэл интернэт сайтад тавигдсан байхыг уншсан юм. Санаа дагаснаас ч тэр үү манай багийн ганц загасчин Буйраас олз омог муутайхан буцсан даа. Харин нутгийн иргэд Буйрын загасаа боловсруулаад бизнес хийдэг юм билээ. Хөвсгөл, Сэлэнгийнхэн загасаа голчлон утаж болгоод арилждаг бол Халхгол сумынхан шилэн саванд нөөшилдөг ажээ.

Буйрын бас нэгэн гоёл бол хясаа. Хаа байсан Хайнанаас хэрэг болгон авчирсан хясаа Буйр нуурт элбэг байхын чинээ хэн санах билээ. Том жижиг, толиотой, толиогүй хясаанууд есөн шидээрээ байх ажээ. Учир мэдэх хүмүүсийн бичсэнээр Буйр нуурт  дөрвөн төрлийн тана хясаа байдаг ажээ. Нуурын захаас эхлээд л хөл гарт орооцолдох замаг хүртэл зүйл заагтай ажээ. Эгэл бидэнд эгээ л адил харагдах замаг нь 49 зүйлийнх гэнэ. Загас хийгээд шувууны төрөл зүйл бол тоймгүй юм байна. Хэн бүхний хамгийн сайн таних цахлай шувуу нь хүртэл цаанаа л тохуутай гээч. Буйрын цахлайнууд загас шүүрэхийн зэрэгцээ зундаа хаа нэг үзэгдэх холын зочдыг тохуурхах дуртай. Нуурын эрэгт төвхнөсний маргааш майхнаас цухуйсан болгон цахлайнаас  айж ширвээтсээр орж ирсэн юм. Гайхан гарч харвал хос цахлай агаарт хөөрөн эрчээ аваад доош шумбан шунгахдаа малгай шүүрэх нь халаг юм болж байхын. Хөтөч залуугаас учрыг асуувал “Нялх цахлайнууд л тохуурхаж байгаа нь тэр” гээд тоосон ч янз алга.

Зах хязгаар нь үл үзэгдэх их уст Буйр нуурыг далайтай зүйрлэн дээдэлмээр, дотогшоо бус гадагшаа урсгалтайд нь харамсмаар. Уртааш 22 км, өргөөш  47 км, гүн рүүгээ 7-17 метр энэ их далайн 10 хувийг хилийн цаана үлдээлгүй эх нутагтаа багтаачихгүй яав даа гэж шимширмээр. Нэгэн толь бичигт “Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд манай улс хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурын хойт хэсэг хятадын талд шилжсэн байна” гэсэн мөрүүд байх нь ямар их үнэ цэнээр тусгаар тогтнолоо авч үлдсэнийг илтгэнэ. 

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж