Монголын Либертари Сангаас зохион байгуулдаг “Эрх чөлөө” залуучуудын зуны сургалтыг энэ жил арав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Эрх чөлөө зуны сургалт нь залууст чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд болох эрх чөлөө, хүний эрх, ардчиллын суурь үнэт зүйлсийг иргэний боловсролын түвшинд цэгцтэй мөн сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилготой хөтөлбөр юм.
Эрх чөлөө зуны сургалт нийт 6 хоног, 40 цагийн хөтөлбөр бөгөөд хүний эрхэм чанар, ардчилал, хүний эрх, тэгш эрх, эрх зүйт ёс, чөлөөт эдийн засаг, шударга ёс зэрэг бидний хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэдвүүдээр маш өргөн багтаамжтай, эрчимжүүлсэн сургалт юм. Жил бүрийн сургалт нь байгалийн үзэсгэлэнт газар болдог бөгөөд үе тэнгийн залуус хамтдаа амрангаа хөгжилтэй хэлбэрээр чухал сэдвүүдийг суралцах, эргэцүүлэх боломж олгодогоороо онцлог юм.
Хөтөлбөр нь ярилцлага, мэтгэлцээн, оролцоот аргуудад түшиглэх бөгөөд иргэний боловсролын үндсэн ур чадваруудыг мөн хөгжүүлэхэд чиглэсэн байна. Мөн хөтөлбөрийн туршид залууст үлгэр дууриал болохуйц нийгмийн зүтгэлтэн манлайлагчид уригдан зочноор оролцох болно.
Хөтөлбөр нь амьдарч буй нийгэм, орчиндоо идэвхтэй, мэдээлэлтэй, оролцоотой байхыг хүсдэг 20-28 насны залууст зориулагдсан бөгөөд оролцогчдод мэргэжил харгалзахгүй хэдий ч нийгмийн идэвхтэй, манлайлагч бол давуу тал болно.
Энэ жил тус сургалтын 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн баяраа сургалтын үеэр өмнөх жилүүдийн төгсөгчид, багш нар, зочидтой хамтдаа тэмдэглэх юм.
Та сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД дарж орон бүртгүүлнэ үү.