Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан "Шангри Ла" зочид буудалд болж байгаа билээ.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн бол Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монгол Улсын ардчиллын 25 жилийн ойн ололт, амжилт, сургамж" сэдвээр илтгэл тавьсан юм.
Монголын ардчиллын алтан хараацайнуудын нэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэхүү хуралдаанд үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Хүндэтгэлийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид уригдан оролцож байгаа юм.
Тэдний нэг болох НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман өнөөдрийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг сонордуулж, үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Хайнц Фишер нарын төрийн тэргүүн, улс төрийн нэрт зүтгэлтнүүд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлснийг Хүндэтгэлийн хуралдааны үеэр танилцуулж байсан юм.
Одоо хүндэтгэлийн хуралдаан түр завсарлаад байна.
Б.ЭНХ