Донбасст болж байгаа амь үрэгдэгсдийн дурсгалын цуглаан
Фото: Василий Шапошников / "Коммерсантъ»
Украины зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш бараг 7000 хүн амь үрэгдэж, 17 мянга гаруй хүн шархадсан тухай мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын (ХЭДКГ) хэвлэлийн төлөөлөгч Сесиль Пуйи (Cecile Pouilly) мэдээлэв. Түүний мэдэгдлээс иш татаж, РИА Новости агентлаг энэ тухай долдугаар сарын 28-нд дамжуулсан байна.
“Украины зүүн хязгаарын сөргөлдөөний бүсэд 2014 оны дөрөвдүгээр сарын дундаас 2015 оны долдугаар сарын 27 хүртэлх хугацаанд наад зах нь 6832 хүн (Энгийн иргэд болон цэргийнхэн) амь үрэгдэж, 17087 хүн шархадсан” гэж хатагтай Сесиль Пуйи хэлжээ.
Энэ тоонд Малайзийн “Боинг онгоцны сүйрлээр амь үрэгдсэн 298 хохирогч багтаж байгаа бөгөөд НҮБ-ын Украин дахь Хүний эрхийн шалгалтын албаны болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд тулгуурлан дээрх тоог гаргажээ.
“Эдгээр тоо нь газар зүйн тодорхой район, зарим цаг үеийн байдал зэргээс хамааран бүрэн бус гарсан. Ер нь тайланд бүрэн гүйцэд гаргасан тоон мэдээлэл бий гэж хэлэх боломжгүй” хэмээн тэрээр онцлон тэмдэглээд, хохирлын бодит тоо үүнээс дээгүүр байх магадлалтайг сануулав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР