Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Айрагны баяр

Архангайн Хотонт сум хамгийн сайхан айрагтай нутгаар шалгарлаа

Өндөр гэгээн Занабазарын түүхт  үеийг монголчууд эргэн дурсч, түүний мэндэлсний тэгш ойг гурав дахь удаагаа Өвөрхангайн Хархорин суманд Бат-Оршил өргөх даншиг наадам зохион байгуулж, өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Наадмын үеэр эртний зан үйл, түүх соёлоо эргэн дэлгэрүүлж, хайрлан хамгаалах, үр хойчдоо уламжлан үлдээх зорилготой соёлын болоод шашны олон арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүний нэг нь "Хөхүүрийн монгол айрагны дээжээр мялаалга өргөмүй" мялаалгын наадам байсан юм.  Уг мялаалгын баярт Өвөрхайнгай, Төв, Булган, Архангай аймгийн 20 сумын 30 орчим өрх оролцож, уламжлалт зан үйлээр өрсөлдсөн юм.

Сүүлийн жилүүдэд айрагны соёл, хэрэглээ алдагдах, мартагдах шахам болсныг Ч.Сосорбарам гуай онцоллоо. Иймээс "Айрагны нутгаар" ТББ, "Байгаль соёлыг хамгаалах сан" хамтран айраг үйлдвэрлэлийн гол бүс нутаг болох Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Булган зэрэг аймгуудаар айрагны судалгааг явуулж эхэлжээ.

Айраг үйлдвэрлэл, түүний хэрэглээ, зан үйлийн үнэ цэнэ ямар түвшинд явааг тус судалгаа гаргах юм. Энэ утгаараа Өндөр гэгээн Занабазар мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх даншиг наадмын үеэр уран дэмбээчин, шилдэг айраг, шилдэг хөхүүрийг шалгаруулах уралдааныг айргын үйлдвэрлэлийн бүс нутгийнханы дунд явуулсан юм. Гэхдээ тус тэмцээн нь зөвхөн нэг өдөр дуулж хуурдан, наргиж, цэнгэхдээ гол нь биш. Цаашид айраг үйлдвэрлэлийн уламжлалт зан үйлээ, түгээн дэлгэрүүлэх, НҮБ-ын өвийн санд айргыг бүртгүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан нь энэ.

Наадмын уран дэмбээчээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчин С.Батдэлгэр,  н.Чулуун, Хархорин сумын Ц.Далхаа нар тодорсон юм.

Хамгийн сайхан амттай айрагтай нутгаар Архангай аймгийн Хотонт сум тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт Булган аймгийн Могод сумын малчин Ц.Лхагвасайхан, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Б.Ганболд нарын эсгэсэн айргийг нэрлэжээ.

Харин гуравдугаар байрт Өвөрхангайн Өлзийт сумын малчин Б.Шаарав, Төгрөг сумын малчин П.Жаргалсайхан, Сант сумын малчин Т.Мягмарчулуун болоод Бүрд сумын малчин Б.Ганзул, Есөнзүйл сумын малчин Ж.Цэндсүрэн нарын айраг орсон юм.

Мөн шилдэг айрагтай сумаар Өвөрхангайн Өлзийт, Сант, Хужирт,  Төв аймгийн Дэлгэрхаан сумд шалгарлаа. Сайхан хөхүүртэй өрхөөр Өвөрхангайн Хужирт, Өлзийт, Сант сумдын малчид тодорсон юм.


МОНГОЛЧУУД АЙРАГАА НҮБ-Д БҮРТГҮҮЛЖ ЧАДАХ УУ?

Монголчууд 13-р зууны үед гүүний айргийг дэлгэрүүлж, түгээмэл хэрэглэж байсан.

Айраг цагааг хэрэглэх нь эртнээс нааш монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн технологи, зан үйлыг шингээсэн өвөрмөц ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүнээс чихрийг  (лактоза) хамгийн ихээр (7.8%) агуулдаг тул амархан исэж олон төрлийн хүчил, аминдэм, биолоийн идэвхит бодис болон хувирдаг ба уушгины сүрьеэ  өвчнийг анагааж, цацрагийн хорыг тайлна. Үл орлуулах аминхүчлийг бусад сүүнээс хоёр дахин их агуулдгийн дотор цацраг туяаны эсрэг үйлчлэлтэй метионин, гистидин дөрөв дахин их, тосны хэмжээгээр (1,8-2,2%) эхийн сүүнээс (4,0-4,6%) бага боловч тосны хүчлийн бүтэц найрлагаараа эхийн сүүтэй төстэй. Ерөөс ээддэггүй хоёр сүү байдаг нь эхийн сүү, гүүний сүү юм. Гүүний айраг нь бие махбодид маш түргэн шингэж, бодисын солилцоог сайжруулдаг байна. Харин сүүлийн жилүүдэд айрагны үйлдвэрлэл багасч, хэрэглээ татширсан тухай ч зарим судлаачид онцолж буй. Иймээс уламжлалт зан үйлээ залуу үедээ түгээн дэлгэрүүлэх, хадгалан үлдээх шаардлага үүсчээ. Мөн түүхэн уламжлалт энэхүү өв соёлоо, бусад үйлдвэрлэгч оронд алдахгүйн тулд НҮБ-ын өвийн санд бүртгүүлэхээр зэхэж байна. НҮБ-ын  шалгуур үзүүлэлт өндөр. Хоёр жилд нэг удаа өвийн сангийн бүртгэл явагддаг гэв. Гэхдээ айргаа бүртгүүлэхээр НҮБ-д хандсан анхны улс нь Монгол аж.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж